Цэргийн төв эмнэлгийн бөөрний диализын аппаратад ороод нас барсан иргэн ДОХ-ын халдвартай байсан бөгөөд тухайн иргэнд задлан шинжилгээ хийсэн эмч нар ДОХ-ын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрөгч оны арваннэгдүгээр /2024.11.21/ сард гарч, энэ нь олны анхаарлыг татсан.
Харин уг мэдээлэлд тус эмнэлгийн зүгээс "Манай эмнэлэгт ДОХ-ын халдвартай байсан иргэн нас барсан нь үнэн. Гэхдээ тухайн нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй" гэх тайлбарыг өгсөн байдаг. Тэгвэл Цэргийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээнд эрсдэл, хүнд суртал, чирэгдэл байгаа эсэхийг АТГ-аас шалгаж, хэд хэдэн эрсдэл байгааг тогтоосон байна.
Тухайлбал,
- Эмнэлгийн цахим хуудасны /https://cmh.gov.mn/?page_id=1545/ ил тод байдал хангалтгүй. Амбулаторийн үзлэгийн 221 дүгээр өрөөний тусламж үйлчилгээг иргэдэд товлосон цагийн дагуу хүргээгүйгээс иргэдийг 3 цаг гаруй хүлээлгэж хүнд суртал, чирэгдэл гаргасан
- Эрэгтэйчүүдийн үзлэгийн өрөөнд өөр төрлийн тусламж үйлчилгээг давхардуулан үзүүлэхээр зохицуулсан нь эмнэлгийн ажилтнууд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байгаа зэрэг алдаа дутагдал илэрсэн байна.
Тодотговол, Цэргийн төв эмнэлэг нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрөөнд урологи, шээсний замын мэс засал, бамбайн гэсэн 3 чиглэлээр эмчийн үзлэгийг ээлж дараалан иргэдэд хүргэж байжээ.
Уг асуудлыг тус эмнэлгийн удирдлагууд "Тухайн чиглэлээр жилд дунджаар цөөн буюу 1393 иргэн үйлчилгээ авсан"-тай холбож тайлбарласан байна. Гэтэл энэ нь салбарын хэмжээнд даган мөрдөж буй зохих стандарт, тушаалтай нийцэхгүй байхаас гадна эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэртэй зөрчилдөж байгаа аж.
Угтаа нэг өрөөнд хэд хэдэн тусламж үйлчилгээг үзүүлэхэд тухайн чиглэл тус бүрт шаардагдах кабинетын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, ажиллах журам хэрэгжих боломжгүй байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн кабинетад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл 15 төрөл, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл 18 байх ёстой боловч тус үзлэгийн өрөөнд эмчийн ширээ, компьютер, үзлэгийн орноос өөр зүйл байгаагүй байна. Энэ нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зохих стандарт технологи болон холбогдох дүрэм, зааврыг мөрдөх боломж хязгаарлагдаж эрсдэлт нөхцөлийг бүрдүүлж байна гэж АТГ-аас үзжээ.
Иймд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам, тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг мөрдөх эмнэлгийн мэргэжилтний өдрийн ачааллыг жигд, тэнцвэртэй зохион байгуулах, үйлчлүүлэгч эмчээ сонгох боломжоор хангах талаар удирдлагын бодлого үйл ажиллагааг сайжруулж эрсдэлийг бууруулах нь зүйтэй. Мөн Цэргийн төв эмнэлгийн А, Б блок буюу хүлээн авах яаралтай тусламж, бүртгэл цаг өгөх хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээ, өрөө тасалгааны бэлэн байдалд онцгой анхаарч, дотоод орчны халдварын эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг сайжруулах талаар үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж АТГ-аас дүгнэсэн байна.