Эрдэмтэн, зохиолч Д.Маамын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

Эрдэмтэн, зохиолч Д.Маамын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Дүгэржавын Маамын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан “ДАРЬГАНГЫН ТУУРВИЛ: ДҮГЭРЖАВЫН МААМ” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, СУИС, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байна.

Хурал дөрөвдүгээр сарын 3-ны 10:00 цагаас Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл танхимд болох аж. Д.Маам нь 1935 оны хоёрдугаар сарын 26-нд буюу хөхөгчин гахай жил Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Бүдүүн овооны Завсрын бууц хэмээх газар төржээ. Анхны зохиол нь “Мөнгөн өвөл” шүлэг юм. Тэрбээр “Сүүлчийн захидал” найраглал /1959 он/, “Хөгшин тэнүүлч” /1962 он/ зэрэг найраглал болон “Түмэн газрын замд” яруу найргийн номоо 1976 онд хэвлүүлж, “Өндөр Сүхээ” шилдэг өгүүллэг /1981 он/, “Сарнай төрөх учир” /1969 он/, “Цагийн салхи” /1991 он/,  “Газар шороо” роман /1977, 1981, 1982, 1989 он/, “Гишгэх газаргүй хөл” памфлет роман /1979 он/ зэрэг хүүрнэл зохиол, “Мартах эрхгүй” /1980 он/, “Цөвүүн цагийн Богд” /1989 он/, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино /1994 он/ зэрэг кино зохиол бичсэн бөгөөд “Мандухай сэцэн хатан” киноны редактор /1990 он/-оор ажиллажээ. Д.Маам зохиол туурвихаас гадна орчуулга, эрдэм шинжилгэний судалгаа хийж өгүүлэл бичдэг байсан нь А.С Пушкиний “Руслан Людмила хоёр” /1965 он/, Лермонтовын “Банди”, “Шулам” зэрэг зохиолыг эх хэлнээ хөрвүүлжээ. Мөн “Магнаг цэнхэр дэлхий”, “Дунгаамаа” зэрэг монголчуудын дуулах дуртай дууны үгсийг туурвисан Монголын орчин үеийн утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг билээ.