Монгол түмний нэгээхэн хэсэг болсон казах үндэстний уламжлалт Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ.
Энэ хүрээнд “Наурыз 2025” соёл, урлагийн концерт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын идээ зоог, көже шөл зэргийг сурталчлахаар төлөвлөсөн байна. Энэ үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж, НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж хамтран ажиллана. Наурыз нь казах соёлоор байгаль дэлхий өвлийн нойрноосоо сэрдэг өдөр бөгөөд Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм. Монгол Улсын нийт хүн амын дөрвөн хувийг казах түмэн эзэлдэг байна.