Реппер Roockie буюу У.Мөнхбаганы согтуудаа лайв хийж, "олон нийтийг үл хүндэтгэсэн " гэх хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсанд прокурор эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус прокурорын гомдлыг өнөөдөр /2025.03.20/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Өөрөөр хэлбэл, У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан байхад "олон нийтийг үл хүндэтгэсэн" хэмээн дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэхээс шүүх татгалзсан нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.