Сүүлийн үед цагдаагийн байгууллага хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй мэдээлэл олон нийтийн анхааралд ороод байгаа. Тэгвэл Цагдаагийн хошууч генерал М.Ганболд өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр:
"Цагдаагийн байгууллага нь өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага. Гэтэл үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар шалгалтын ажиллагааг явуулахад цахим сүлжээнд “Цагдаа хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан, хүний эрх чөлөөг зөрчсөн” мэт мэдээлэл цацагдаж байна.
Цагдаагийн байгууллага чинь зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хүн болон хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Хэрэв уг ажиллагааг зөрчвөл өөрөө эрүүгийн хариуцлага хүлээдэг эрх зүйн зохицуулалттай мэргэшсэн алба юм.
Цагдаагийн байгууллага гэмт үйлдэл, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлснийхээ төлөө цагдаад буруу бүхнийг тохоод байдаг асуудал нь цаанаасаа зохион байгуулалттай байх. Цагдаагийн байгууллага нь ямар нэгэн олны анхаарал татсан, олонд танигдсан иргэн, аж ахуй нэгжийн хууль бус үйлдлийг шалгахад гэмт этгээдүүд санаатайгаар цагдаагийн байгууллага руу байнга дайрч давшилдаг. Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө өдөр бүр, цаг наргүй ажиллаж, хууль бус гэмт үйлдлийг шалгадаг ганцхан тарийн алба нь цагдаагийн байгууллага юм.
Сүүлийн жилүүдэд гэмт этгээдүүд ял завших, ял хөнгөвчлөх зорилгоор цагдаагийн байгууллагыг хууль бус үйлдэл хийсэн гэж гүтгэж нэр хүндэд нь халдах нь олширч байгаа нь нийгмийг хамгаалах эзэнгүй болгож байна. Цалин багатай ч иргэдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө гэж яваа энэ хүмүүс байхгүй болчих юм бол энэ улс орон цаашдаа яах бол хүн бүр бодож үзэх л асуудал. Хэвлэлийн байгууллага гэмт халдлага болон гэмт хэргийн улмаас хохирвол та бүхнийг хамгаалах хамгийн эхний хүч бол цагдаа гэдгийг хэзээ ойлгох вэ" гэжээ.