Долоон жил "гацсан" Архангайн Засаг дарга асан Ц.Мөнхнасан нарын авлигын хэргийг дэнслэхээр товлосон ч хойшиллоо

Долоон жил "гацсан" Архангайн Засаг дарга асан Ц.Мөнхнасан нарын авлигын хэргийг дэнслэхээр товлосон ч хойшиллоо

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэж, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдож, улмаар хэрэг нь гацаад байсан Архангай аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхнасан болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга асан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэрэг шүүхэд шилжжээ. 

Тус хэргийг шүүх хурал энэ сарын 19-ны /2025.03.19/ өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдоод байсан юм. Гэсэн ч шүүх хурал дахин хойшилсон байна. 

Гэмт хэрэгт үйлдэгдсэн гэх хугацаанаас хойш 7 жилийн нүүрийг үзэж буй тус хэргийг ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр шүүхээр товложээ. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Архангай аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхнасан болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга асан Б.Өсөхбаяр нар нь 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр /2018.04.19/Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Шоронгийн ам” гэх газарт 5 га талбайг “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН / зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтнууд өгсөн аж. Хуульд зааснаар газрын ашиглалтын болон хайгуулын лизензын зөвшөөрлийг тухайн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, зөвшилцсөний үндсэн дээр олгодог байна.

Гэтэл тухайн үеийн Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр нар 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаагүй байхад “01/369” дугаартай хуурамч тогтоолыг үйлдэж, бусдад буюу “Тунгалаг тамир-Ар” ЗГБХН бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон байдаг юм. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхнасан,  Б.Өсөхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3,  22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө