Италийн Туин хотод зохион байгуулагдсан дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирж байна. Турины наадамд Монголын баг спортын зургаан төрөлд 24 тамирчнаа илгээж, 21 медаль хүртсэн билээ.
Тодруулбал, таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медалиар манай тамирчид энгэрээ мялаасан байна. А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртсэн бол Т.Дэлэгжаргал цасны гуталтай 800 м зайн гүйлт, Т.Солонго цасны гуталтай 25 м зайн гүйлт, Б.Буянтогтох цасны гуталтай 400 м зайн гүйлтийн төрөлд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Түүнчлэн Б.Бадамлянхуа, П.Хатансайхан, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн, Ө.Елмырза, Э.Анхзул, М.Энхзаяа, М.Амарболд нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Турины тэнгэрт нэжгээд удаа мандуулжээ.