Өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна.
Мөн энэ сарын 12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхаарууллаа. 3-ны өдөр Дорнодын зүүн сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Увсын хойд сумдын нутгаар, 15-16-нд шилжих шөнө Увс, Хөвсгөлийн зарим сумдаар, 16-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Архангай, Булганы хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө 14-нөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.