Монголын үндэсний бөхийн холбоо, үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” компанитай хамтран чансаа өндөр шилдэг 64 бөхийн “Бест баззер” барилдааныг өнгөрсөн жил зохион байгуулсан билээ.
Тэгвэл тус барилдаан энэ жил хоёр дахь удаагаа болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 29-ний бямба гарагт Монгол бөхийн өргөөнд чансаа өндөр 64 барилдах юм. Уг барилдаан нь учраа бөхөө сугалаагаар сонгодгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, нэгийн даваанд аварга цолтой хоёр бөх ч таарах магадлалтай гэсэн үг.
Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх 20 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзүүрлэсэн нь 10 саяын эзэн болно. Харин их шөвөгт шалгарсан нь таван сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Түүнчлэн уран мэх хийсэн бөхийг нэг сая төгрөгөөр урамшуулахаас гадна 1-3 давсан бөх 200-400 мянган төгрөгийг давааны бай авах ажээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн анхдугаар барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж байсан билээ.