Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Д.Долгорыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Д.Долгорыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

Авлигын хэрэгт холбогдсон Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Д.Долгорыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Д.Долгорт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. 

Тодрулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Долгорт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хоёрдугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцжээ. 

Авлигатай Тэмцэх Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагч Д.Долгор нарын 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, прокурор, яллагдагч түүний өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.Долгорт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзлээ. Харин Д.Долгорыг бусад яллагдагч нартай уулзахыг хориглохыг яллагдагчид даалгах таслан сэргийлэх арга хэмжээний хувьд үндэслэл нь тодорхойгүй, прокурор ямар шалтгаанаар тодорхой хүнтэй уулзахыг хориглож байгаагаа нотлоогүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Яллагдагч Д.Долгорын хувьд гадаад улс руу зорчих, уулзалтад оролцох талаараа тайлбарлаж нотлох баримтыг ирүүлсэн боловч тухайн баримтууд нь орчуулга хийгдээгүй, нотариатын баталгаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж үнэлээгүй байна.