Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяа Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Д.Долгор тэргүүтэй 10 гаруй хүнийг АТГ-аас авилгын хэргээр шалгаж, прокуророос яллагдагчаар татсан байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгорыг албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн аж.
Уг саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өнөөдөр /2025.02.27/хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгорыг албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Хэргийн талаар тодруулахад, ЭХГУУҮЭХ-ны татвар төлөгчдийн мөнгөнөөс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа хоёр сая, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал 197 сая, Д.Долгор 14 сая гэх зэрэг байдлаар цалингийн зээл нэрээр санхүүгийн анхан шатны баримтгүйгээр авсан аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Үйлдвэрчин” хотхоноос Х.Буянжаргал, Д.Долгор нар 1-3 өрөө байр авсан атлаа “орон сууцгүй” хэмээн 2021 онд дэмжлэг авсан гэх зэрэг гомдол хууль сахиулах байгууллагад гишүүд нь гаргасны дагуу ийн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.