Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдөр /2025.02.24/ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Л.Гантөмөр ярихдаа, “Бирж үнэ өсч байгаа үед идэвхтэй байдаг. Үнэ унаж байгаа үед арилжаа явахгүй байна. Тийм учраас төмрийн хүдэр дээр үнэ өснө гэдэг хүлээлт байгаа учраас арилжаа идэвхтэй байна. 2025 оны нэгдүгээр сард бид 256 мянган тонныг бид биржээр арилжаалсан. 2024 оны нэгдүгээр сард 1.7 сая тонн нүүрс биржээр арилжаалж байсан. Тийм учраас урт хугацаанд гэрээнүүд нь ноёлох юм байна. Богино хугацааны худалдаагаа нээлттэй үлдээе гэдгийг өнөөдрийн биржийн нөхцөл байдал харуулж байна.
-ИМПОРТЫГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ ГЭДЭГ БИДНИЙ ХУВЬД ТОМ СОРИЛТ БОЛООД БАЙНА-
Өнгөрөгч онд эдийн засагт гарсан том тоо бол импорт. Импорт асар ихээр нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн импорт энэ жил ахиад нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолж байсан бол энэ жилийн нэгдүгээр сард 402 сая ам.долларын бараа импортолсон байх жишээтэй. Импорт 9 хувийн өсөлттэй гарсан байна. Тийм учраас бид импорт дээр ямар бодлого хийх вэ гэдэг асуудал байна. Тэр дундаа удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний импорт өндөр байна. Суудлын автомашины импорт 16 хувиар өссөн. Өнгөрсөн жил монголчууд бид 1 тэрбум ам.долларын машин импортолсон бол энэ жил дахиад давтагдах магадлалтай байна. Импортыг хэрхэн зохицуулах вэ гэдэг бол бидний хувьд том сорилт болохоор байна. Валютын нөөц тогтвортой байгаа. Энэ нөөцийг бид нэмэгдүүлэх ёстой.
-БООМТУУДАА ИДЭВХЖҮҮЛЖ, ХИЛ ХОЛБОЛТУУДАА ХИЙЖ ЧАДВАЛ 2025 ОНД 100 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ-
ВИДЕО:
Ерөнхийдөө эдийн засгаа дүгнээд хэлбэл, Монголчууд 2025 онд ямар сорилттой байна гэвэл 100 сая тонн нүүрс экспортлох хэрэгтэй байна. Шивээ хүрэнгээр 10 сая тонн нүүрс экспортлох хэрэгтэй. Гашуунсухайтын хил холболтыг заавал хийх хэрэгтэй байна. Орлого буурлаа, нөөц буурлаа, эдийн засаг буурлаа гэдэг яриа хаана гарах вэ гэвэл нүүрсний үнийн өсөлт, бууралт дээр л гарна. Буурсан үед хэмжээгээ нэмэгдүүлдэг. Өссөн үед эдийн засаг илүү валютын нөөцөө нэмэгдүүлж байдаг. Шивээ хүрэн дээр манай талаас 10 км зам тавигдсан. Хятад талаас 2 км зам тавигдахаар хүлээгдэж байна. Ханги мандалын боомтод 2-3 гарц нэмэх юм бол ахиад 8 сая тонн нүүрс экспортлох боломж нэмэгдэнэ. Дээр нь Бичигтийн боомт байна. Бичигтийн боомт дээр хөл толгой нь мэдэгдэхээ байсан. Тиймээс Бичигт боомтын төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Булган боомтын ТЭЗҮ-г бид хийж байна. Байтагийн боомтыг ашиглалтад оруулах шаардлагатай байна. Ингээд бид хил холболтуудаа эрчимжүүлж чадвал 100 сая тонн нүүрс экспортлох боломж бий болно" гэсэн юм.