ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.02.21/ улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр ярихдаа, “Хоёрдугаар сарын 12-ноос хойш улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол батлагдаад байна. Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд бөгөөд мөн Вьетнам улсад зорчсон өгүүлэмжтэй. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хандаж, хэвтэж байна. Хүүхдийн хувьд хоёрдугаар сарын 18-ны өдрийн аяллаар хотод ирсэн бөгөөд онгоцонд 230 хүнтэй хамт ирсэн. Мөн гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй, хоёрдугаар сарын 8-нд Монголд ирсэн байна. ХӨСҮТ-д хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна.
Ковидын халдвар авсан хүн 4 хүнд халдвар тараадаг бол Улаанбурханаар өвдсөн хүн 15 хүнд халдвар тараах боломжтой. Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй ойрхон зөрөөд өнгөрөхөд нэг өрөөнд ороод гарахад халдвар авах 100 хувийн магадлалтай гэж ойлгож болно.
Тиймээс 9-өөс дээш сартай хүүхэд, том хүн вакцинд хамрагдаагүй бол нэн даруй хамрагдах шаардлагатай” гэсэн юм.