Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн үед эрчимтэй хэрэгжүүлж буй ажлын нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөр юм.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 2000 айлын 156 га газрыг чөлөөлж, айлуудын үлдэгдэл нуранги, буурийг цэвэрлэх ажлыг өнгөрсөн долоо хоногоос дахин эхлээд байна. Энэ талаар бид дараах сурвалжлагыг бид бэлтгэлээ.
ВИДЕО:
-Ч.АРИУНЧИМЭГ: АЙЛУУДЫН БУУРИЙГ ЦЭВЭРЛЭХДЭЭ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРГИЙЛЖ, ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА-
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны дарга Ч.Ариунчимэг: Манай энэ хэсэг бол Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гуравдугаар хэсгийн Хандгайтын гудамжинд бид явж байна. Энд бид өнгөрөгч 2024 оны таван сараас эхэлж Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд газраа чөлөөлсөн айлуудын үлдэгдэл хог, нурангийг цэвэрлэх ажил явагдаж байна. Бид мөнгөө аваад газраа чөлөөлсөн айлууддаа “Хэрэгтэй зүйлсээ аваад яваарай. Авч явж чадахгүй хог, барилгын тууриа орхиод яваарай” гэж хэлсэн. Тиймээс бид айлуудын буурийг цэвэрлэж байна. Айлуудын буурь туурийг цэвэрлэх ажилд таван компани оролцож байгаа бөгөөд бид тухайн айлын буурийг цэвэрлэхдээ эхлээд урьдчилан сэргийлж, үзлэг шалгалт хийж байна.
-Н.ЦОГЗОЛМАА: 171 НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 480 УДАА РЕС ХИЙСЭН-
Чингэлтэй дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хэлтсийн ерөнхий инженер Н.Цогзолмаа: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороон дээр 707 нэгж талбар байгаа. Хоёрдугаар сарын 12-оос эхэлсэн цэвэрлэгээний ажлын хүрээнд 171 нэгж талбарыг чөлөөлж 480 удаа рес хийгээд байна. Хово машинаар нэг нэгж талбар дээр дөрвөн рес хийж байгаа бөгөөд өдөртөө 20-30 рес хийж байна.
-Н.СУГАР: "СЭЛБЭ" ДЭД ТӨВИЙН 12000 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА ЧӨЛӨӨЛӨХ ХҮСЭЛТЭЙ АЙЛУУДЫГ ОРУУЛНА-
Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар: Хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэнэ. Энэ бүтээн байгуулалтын ажил Сэлбэ дэд төв маань 12000 айлын орон сууцыг худалдаа үйлчилгээний төвтэй бүх зүйл нь цогц байдлаар шийдэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл “Сэлбэ” дэд төвд амьдарч байгаа оршин суугч бол төрийн үйлчилгээ, бүх төрлийн үйлчилгээг авахын тулд заавал хотын төв рүү явах шаардлагагүй болно гэсэн үг. Хоёрт, нийт барилгажилтын талбайн 60 хувьд барилга байна. Үлдсэн 40 хувь нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол байх юм. “Сэлбэ” дэд төвийн энэ орчинд Улаанбаатар хотын цоо шинэ олон улсын стандартад нийцсэн, иргэнд ээлтэй тохитой тухтай орчин бүрдэнэ.
Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны нийт 2000 айлын газрыг чөлөөлж, 12000 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Хамгийн гол нь бид 12000 айлын орон сууцыг барьчихаад зарахгүй. Бусад дахин төлөвлөлтөд ороогүй байгаа хэсэг буюу Дамбадаржаа зэрэг гэр хорооллын айлууд газраа байраар солих хүсэлтэй иргэдийг энэ орон сууцандаа оруулах юм. Тэгэхээр “Сэлбэ” дэд төв ашиглалтад орчих юм бол дахиад 12000 мянган айлын нэгж талбар чөлөөлөгдөх боломж бүрдэнэ гэлээ.