"Чингис хаан" онгоцны буудлыг өргөтгөхөд Жайкатай хамтрахаар болжээ

"Чингис хаан" онгоцны буудлыг өргөтгөхөд Жайкатай хамтрахаар болжээ

Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр Японы ард түмэн багагүй дэмжлэг, тусламж үзүүлснийг Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр онцолсон байна. Мөн эдийн засгийн хүндрэлийн үед ойрын түнш байж ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллахаар болжээ.

Түншлэлийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийг эргэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашид хөгжлийн санхүүжилтийн хүрээнд ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тохирсон байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хамтрахаар болжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Япон, Монголын хамтарсан Коосен технологийн коллежийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлээд байна. Мэдлэг, ур чадвар бол Монгол Улсын 15 дахь мега төсөл болохыг Л.Гантөмөр онцолсон байна.