Монголбанкны мэдээллээр өнөөдөр /2025.02.20/ улсын хэмжээнд инфляци 9.6 хувьтай, Улаанбаатарт 9.7 хувьтай байна.
Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нэгдүгээр сард улсын нэгдсэн төсөв 776 тэрбум төгрөгний алдагдалтай гарчээ. Түүнчлэн экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарч экспорт 5.8 хувиар буурахад чулуун нүүрсний үнэ 20 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байх юм. Эдийн засагчдын үзэж буйгаар дээрх нөхцөл байдлаас үүдэж төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээд байгаа аж.
Тодруулбал, энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар манай улс ойролцоогоор 11 сая тоннтой тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон байна. Үнийн дүн ойролцоогоор нэг тонн тутмыг 86 ам.доллараар арилжсан талаар гаалийн статистик мэдээ харуулж байна. 2024 оны эхний 1 сарын дүнтэй харьцуулахад 12 сая тонн нүүрсийг 1 тонн тутмыг нь 120 ам.доллараар борлуулж байсан. Эндээс харахад экспортолж байгаа нүүрсний тоо хэмжээ хэт их багасаагүй боловч үнийн түвшин 30 гаруй хувиар унаад байгаа юм.