"М-Си-Эс" группийн З.Төрмандахыг “гэмт хэргийн ул мөрөө устгаж магадгүй" гэх шалтгаанаар 30 хоног цагдан хорилоо

"М-Си-Эс" группийн З.Төрмандахыг “гэмт хэргийн ул мөрөө устгаж магадгүй" гэх шалтгаанаар 30 хоног цагдан хорилоо

"Ухаа худаг" ордтой холбогдуулж "М-Си-Эс" групптэй холбоотой, хурандаа З.Төрмандахыг Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорихоор шүүх шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч З.Төрмандахыг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.

Улмаар яллагдагч З.Төрмандахыг “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх уг саналыг өчигдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.