"Голомт банк" ХК нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

"Голомт банк" ХК нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Монгол улс, Улаанбаатар хот - (2025.02.18) “Голомт Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00/01 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 (нэг зуу) төгрөг буюу нийт 80,865,730,600 (наян тэрбум найман зуун жаран таван сая долоон зуун гучин мянга зургаан зуу) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоосон байна.

Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ Голомт Банк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны үндсэн дээр 2025 оны 04 сарын 25-ны өдөр ногдол ашгийг тараахаар төлөвлөж байна. 2024 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргахдаа ТУЗийн зүгээс доорх гурван хүчин зүйлсийг харгалзан үзлээ.

Үүнд:

  1. 2024 онд банк нь 407 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд тус ашгаар өөрийн
    хөрөнгөө нэмэгдүүлэн, боломжит зээлийн багцаа өсгөхөөр зорьж байна. Банк нь өнөөгийн бизнес циклийн хувьд өсөлтийн шат дээрээ явж буй бөгөөд 2025 онд үргэлжлүүлэн зах зээлд эзлэх хувийг тэлэх бодлого баримтална.
  2. Голомт банк нь эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо онцгойлон анхаарч ажиллана. Банк нь эрсдэлээс хамгаалах гол шалгуур болох өөрийн хөрөнгийн хүрэлцээг өндөр байлгах үүднээс тус харьцаа үзүүлэлтийг одоогийн түвшнээс нэмэгдүүлж ажиллахаар зорьж байна.
  3. Банк нь хувьцааны хөрвөх чадварыг сайжруулан үр ашигт байдлыг нэмэгдүүлэх үүднээс олон улсын хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт хувьцаагаа санал болгох замаар хөрөнгө оруулалтын суурийг тэлэх дунд хугацааны стратегийн зорилттой байна.

Иймд банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлтээ тогтвортой түвшинд хадгалахын зэрэгцээ ногдол ашгийг 2023 оноос өсгөх байдлаар хөрөнгө оруулагч нартаа хуваарилахаар шийдвэрлэлээ. Голомт банканд итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа. Олон улсын зах зээлд хамтдаа. Банкны тухай нэмэлт мэдээллийг дараах сувгуудаар авах боломжтой.

www.investor.golomtbank.com
| X: @golomtbank
| LinkedIn: www.linkedin.com/company/golomtbank
| YouTube: www.youtube.com/golomtbank
| Facebook: www.facebook.com/Golomtbank