Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Отгонбатад холбогдох хэргийг энэ сарын 17-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан юм. Тэгвэл тус хэргийг шүүх хурал шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгч Ц.Отгонбатын өмгөөлөгч шүүх хуралд иргэний хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс тус хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулжээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.