Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд нэмэгдэж байна гэж ТЦА-наас мэдэгдлээ

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд нэмэгдэж байна гэж ТЦА-наас мэдэгдлээ

Тээврийн цагдаагийн албанаас улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд нэмэгдэж байгаа талаар өнөөдөр /2025.02.18/ мэдээллээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс тодруулахад “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд” улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Улсын бүртгэлийн дугааргүй, бүдгэрүүлсэн, нуун далдалсан, бусдын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж /хуурамч/ замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулдаг.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 нэгж /25.000 төгрөг/, хуулийн этгээдийг 200 нэгж /200.000/ төгрөгөөр торгоно.

Мөн хуулийн 14.7.13-д зааснаар хуурамч улсын бүртгэлийн дугаарыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг хасаж, хүнийг 50 нэгж /50.000 төгрөг/, байгууллага, аж ахуй нэгжийг 500 нэгж /500.000/ төгрөгөөр торгож, хариуцлага тооцно” гэлээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд 2024 онд энэ төрлийн 9401 зөрчил илрүүлж ажилласан байна. Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөн оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.