Реппер Roockie буюу У.Мөнхбаганы автомашиндаа согтуугаар танхайрсан зөрчлийн хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч тэрбээр "нэмж өмгөөлөгч авах"-аар хурлаа хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл У.Мөнхбаганад холбогдох зөрчлийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025.02.17/ хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан байхад "олон нийтийг үл хүндэтгэсэн" хэмээн дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзсэн байна.
Тиймээс түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэхээс шүүх татгалзжээ.
Өөрөөр хэлбэл, Реппер Roockie буюу У.Мөнхбаганы “2024 оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ өөрийн фейсбүүк хаягаас лайв хийж, олон нийтийг үл хүндэтгэсэн түүний зөрчлийн хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсанаар уг хэрэг ийнхүү эцэслэгдлээ.