“МЭК” судалгааны байгууллага хоёрдугаар сард Улаанбаатар хот болон орон нутгийн 1000 орчим иргэдээс “Баялгийн сан” болон “Стратегийн орд газрыг төрд эзэмшүүлэх” талаар судалгаа авчээ. Энэ талаар “МЭК” ХХК захирал Л.Золбаатараас тодрууллаа.
ВИДЕО:
Стратегийн ач холбогдол бүхий 16 орд байдаг. Эдгээр ордыг төрд авах асуудлаар иргэдээс судалгаа авсан байна. Ямар үр дүн гарсан бол?
Стратегийн орд ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын 34 хувийг Төр эзэмшдэг болох талаарх байр суурийг иргэдээс асуусан. Үндсэндээ 60 орчим хувь нь “Зөв", "Маш зөв” гэж хариулсан. 17-18 хувь нь “Буруу” гэсэн. 25 хувь нь тогтсон байр суурьгүй байсан.
Энд онцолж хэлэхэд, "Стратегийн ач холбогдол гэж юуг хэлж байна" гэдэг тал дээр иргэд төдийлөн хангалттай мэдээлэлгүй байна. Нөгөө талаар стратегийн ач холбогдолтой ордуудыг одоо байгаа эзэд нь хуулийн дагуу эзэмшсэн үү, үгүй юу гэдгийг дахиж харах хэрэгтэй. Хэрэв хууль бусаар процесс явсан бол хулгайд алдсан хөрөнгөө авах хэрэгтэй.
Баялгийн сангийн талаар иргэд мэддэг эсэх байдлыг бас асуусан байсан?
Баялгийн сан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын барьж байгаа гол зүйл. Энэ хугацаанд баялгийн санг бүрдүүлэх, баялгийн сан хаанаас бүрдэх вэ, юунд зарцуулах вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр баялгийн сангийн талаарх мэдээлэл иргэдэд маш муу байна. Үндсэндээ 70-80 хувь нь баялгийн сангийн талаар тийм ч сайн мэдэхгүй, огт мэдэхгүй гэсэн байр суурьтай байна. Энэ талаар иргэд хангалттай мэдээлэлгүй байна.