Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн тулалдаж байгаа МУГТ Эрдэнэбатын Цэндбаатарын WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions, Ulaanbaatar-2025" тэмцээн өнөөдөр ASA Arena-д болно. Энэхүү тэмцээн нь Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүсний төлөө тулалдах гэж буйгаараа онцлогтой.
Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес нь мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай явж бөгөөд 6 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл энэхүү тулааны талаар Монголын мэргэжлийн боксын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
Азийн аваргын бүсний төлөөх тулаанд ялах нь Э.Цэндбаатар, Мексик тамирчин Педро нарын хувьд хэр зэрэг ач холбогдолтой, үнэ цэнтэй байх бол?
Аваргын бүсний төлөөх тулаан гэдэг утгаараа мэдээж ач холбогдол өндөртэй. Хэн хэн нь энэ аваргын бүсийг маш их хүсч байгаа. Хэн хэнийх нь мэргэжлийн тулааны чансаанд маш том өөрчлөлт оруулах ач холбогдолтой тулаан юм. Цэндээгийн маань хувьд өмнө нь мэргэжлийн боксоор тивийн хэмжээний таван аваргын бүс цуглуулчихаад байгаа. Одоогийн байдлаар Цэндээ маань хараахан дэлхийн аваргын төлөө тулалдаж амжаагүй байгаа юм.
Тэгэхээр Цэндээ маань энэ тулаанд ялалт байгуулбал мэргэжлийн боксын зургаа дахь аваргын бүсээ авах болно. Дээрээс нь дэлхийн аваргад тулалдахад нэг алхам ойртоно гэсэн үг.
Харин Педрогийн хувьд бол WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга. Мексикийн энэ цаг үеийн шилдэг залуу тамирчдын нэг. Мексикээс маш олон аваргууд төрөн гарсан. Тэдгээр аваргуудын залуу халаа гэж аналистууд, мэргэжилтнүүд үнэлж байгаа. Тэгэхээр чамгүй өндөр рейтингтэй, ур чадвартай, маш том зорилготой тамирчин ирсэн гэсэн үг. Педрогийн хувьд онгоцноос буухаасаа эхлээд “Энэ тулаанд ялалт байгуулна. Энэ аваргын бүсийг авна” гэсэн сэтгэлзүйтэй байгаа нь харагдаж байсан. Жин үзэх үеэр ч гэсэн маш өндөр сэтгэлзүйтэй байгаа нь анзаарагдлаа. Педрогийн хувьд энэ тулаанд ялалт байгуулбал Цэндээгийн адил аваргын бүсний төлөө тулалдахад нэг алхам ойртох учраас ялна гэсэн сэтгэлзүйтэй байгаа.
Э.Цэндбаатар тамирчны хувьд жин үзэх үеэр уулзахад "Маш их ядарсан байгаа тул ярилцлага өгч чадахгүй нь" гэж байсан. Эх орондоо тулалдаж байгаагийн хувьд Э.Цэндбаатар маань сэтгэлзүйн хувьд илүү давуу байдалтай байгаа болов уу?
Цэндээгийн маань хувьд сэтгэлзүй маш тогтвортой байгаа. Дээрээс нь түүний хувьд мэргэжилд гарснаас хойш анх удаа эх орондоо хийж байгаа тулаан болж байгаа. 11 тулаан хийснээс 6 нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг БНХАУ-д хийсэн. Мэргэжилд гарснаас хойш эх орондоо тулаан хийж үзээгүй байсан. Өнөөдөр Цэндээ маань нэгэн цагт шигшээ багт хамт бэлтгэл хийж байсан үе тэнгийн найзуудтайгаа хамт энэ тэмцээнд оролцож байгаа. Бүгдээрээ нэг дор байрлаад зовлон жаргалаа хуваалцаад байж байгаа учраас Цэндээгийн маань хувьд сэтгэлзүй маш тогтвортой байгаа.
Цэндээ маань "Урьд өмнө байгаагүйгээр өөртөө итгэлтэй байна" гэж хэлж байсан. Тэгэхээр Цэндээд маань ямар ч асуудалгүй байхгүй гэж хэлж болно.
Педро, Цэндээ хоёрын хувьд өмнө нь хоорондоо тулалдаж байсан болов уу?
Педро Цэндээ хоёрын хувьд анх удаа хоорондоо тулалдаж байна. Гэхдээ нэг нэгнийхээ тулааны арга барилыг сайн мэднэ.
Хоёр тамирчны аль алиных нь давуу талыг мэргэжилтнүүд хэрхэн дүгнэж байна вэ?
Мэдээж мексик тамирчдын хувьд ажиллах чадвар маш өндөртэй байдаг. Зургаан раунд байна уу, 10 раунд байна уу хамаагүй эхнээсээ дуустал нэг мотороор, нэг темпээр маш өндөр хэмнэлтэй ажилладаг. Дуусашгүй, дундрашгүй эрч хүчтэй байдаг. Дээрээс нь маш дайчин, хатуу хүнд нударгатай тамирчид байдаг. Мексик тамирчдыг “хатуу самар” гэж хэлж болно.
Харин Цэндээгийн маань хувьд бол маш олон талт арга барилтай. Өрсөлдөгч тамирчныхаа арга барил, стильд хувирч яаж ч өөрчлөгдөх чадвартай. Ойрын зайнд тулаад хоёр талаасаа зодолдож болно. Эсвэл өрсөлдөгч тамирчин нь хэтэрхий дайраад байвал хоёр номероор угтуулсан ажиллагаанууд хийж ч болно. Цэндээгийн маань хувьд өрсөлдөгч тамирчнаасаа илүү олон талт арга барилтай учраас энэ тулаанд Цэндээд маань илүү ялах магадлал байгаа гэж хэлж болно.
Маргааш хэдэн раунд тоглолт болох бол. Хүнд цохилтоор тулааныг дуусгах боломж хэн нэгэнд нь байгаа болов уу?
Байгаа. Маш олон аналистууд, мэргэжилтнүүд энэ тулааны талаар бичиж байна. Хоёр тамирчны хувьд хоёулаа хүнд гартай.
Хоёулаа зодоонч стильтэй тамирчид учраас хугацаанаасаа эрт буюу 10 раундаас өмнө хэн нэг нь хүнд цохилтоор ялалт байгуулах магадлалтай гэж аналистууд бичиж байна.
Бидний хувьд бас санал нэг байгаа. Ер нь тулаан хугацаанаасаа өмнө дуусах болов уу гэж таамаглаж байна.
Э.Цэндбаатар тамирчны цаашдын карьер болон төлөвлөж буй тулаануудынх нь талаар мэдээлэл хуваалцахгүй юу?
Цэндээгийн маань хувьд цаашид мэргэжлийн боксын тулаанд анхаараад явна. Энэ тулаанд ялсны дараа тавдугаар сард бас ахиад нэг чансаа ахиулах тулаан байгаа. Хэрвээ тэр тулаанд ялчих юм бол дэлхийн аваргад оролцох эрхээ авна. Үндсэндээ Топ-10 руу орно гэсэн үг. Энэ нь өөрөө монгол тамирчдын хувьд түүх гэж хэлж болно. Монголоос дэлхийн аваргад оролцох дөрөв дэх тамирчин болох юм.
Манай улсад энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. Дэлхий нийт энэхүү тэмцээнд анхаарал хандуулж байна уу?
Ер нь бол Ази тив тэр чигтээ энэхүү тэмцээнд анхаарал хандуулж байна. Үндсэндээ 8 орны 16 тамирчин гадны орноос ирсэн байна. Мөн хоёр артист тулалдана. Нийтдээ 18 хос тулаан гарна. Ази тив бүхэлдээ энэ тэмцээнд анхаарлаа хандуулчихсан байгаа. Дээр нь Мексикийн тамирчин ирсэн гэдэг утгаараа Хойд америк, Латин Америкийн улс орнууд Улаанбаатар хот, Монгол Улсад анхаарлаа хандуулчихсан чих тавиад хүлээж байна.