Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 14-ний өдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийлээ.
Энэхүү уулзалтаар Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор тодорхойлсон шүүхийн үндсэн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ шүүн таслах ажиллагааг хэрхэн шуурхай, үр нөлөөтэй, хүртээмжтэй зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэлүүдээ танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан санал солилцлоо.
Тэрбээр нэгдүгээрт, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан өөр өөр чиг үүрэг, бүрэн эрхтэй боловч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх нийтлэг зорилготой. Энэ хүрээнд бид тус тусын бүрэн эрхийг харилцан хүндэтгэхийн зэрэгцээ шүүхийн хүний нөөц, шүүгчийн ажлын ачаалал, сул орон тоо, сонгон шалгаруулалт, шүүн таслах ажиллагааны цахимжилт, шүүхийн аюулгүй байдал, түүнчлэн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэх асуудлаар ажлаа уялдуулах шаардлагатай.
Хоёрдугаарт, төрийн бусад эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай бүрэн эрхийн хүрээнд зохистой харилцах, ялангуяа хууль хэрэглээний явцад илэрч байгаа хүндрэл, хийдэл нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагыг тодорхойлох чухал үндэслэл болдог тул Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүхийн эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжийн төсөлд Улсын дээд шүүхийн саналыг бодитоор харгалзан үзэх нь чухал гэв.
Гуравдугаарт, шүүн таслах ажиллагааны чанар үр өгөөжийг сайжруулах ажлын хүрээнд Улсын дээд шүүхээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шатлал хоорондын ажлын уялдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, шүүн таслах ажиллагаанд тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Шүүх хуралдаан хойшилж байгаа бодит шалтгаан, шүүхийн ачааллыг бууруулах нөхцөл шалтгааныг тодорхойлох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гээд тухайлбал байгуулагдаад удаагүй байгаа Хялбар ажиллагааны шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн дийлэнхийг эзэлж ачаалал эрс өсгөж байгаа апплекэйшний зээлийн асуудлыг Улсын Их хурал, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах замаар өргөн хүрээтэй авч үзэж байгаа бол шүүхийн ажилтнуудын ачааллыг бууруулах ажлыг технологийн дэвшил ашиглан автоматжуулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн гэлээ.
Дөрөвдүгээрт, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах чиглэлээр шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн харилцааг нэгдсэн зарчим, тодорхой стандарт бүхий хариуцлагатай тогтолцоонд оруулах бодит хэрэгцээ тулгарч байгааг дурдаад шүүх хуралдааныг олон нийтэд хүргэх Шүүхийн суваг, шүүн таслах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч шүүхүүдийг холбосон “CaseLine” цахим талбар бий болгож туршилтын ажил эхэлсэн холбогдох дүрэм журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гаргахаар бэлтгэж байгааг мэдээллээ.
Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикийг боловсронгуй болгох шаардлага байгааг дурдлаа. Өнөөдрийн уулзалтад нийт 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид оролцсон бөгөөд цаашид шүүхийн нээлттэй ил тод байдлыг сайжруулах, олон нийтийг мэдээллээр хангах үүднээс шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарыг энэхүү ажилд татан оролцуулах, энэ чиглэлээр Ерөнхий шүүгчийн хувьд манлайлал үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.