Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин нэг сар цагдан хорихоор болжээ

Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин нэг сар цагдан хорихоор болжээ

Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нар нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэрээ хууль зөрчсөн хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэднийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, номлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гаргасан байдаг. 

Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүсийг цагдан хорих хугацааг сунгах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах прокурорын саналыг хэлэлцээд, дээрх нэр бүхий хүмүүсийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн байна.