Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны Ерөнхийлөгч Памела Харрис тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Талууд Олон улсын шүүхийн захиргааны байгууллага (IACA)-ын ээлжит хурлыг Монгол Улсад зохион байгуулах, мөн тус байгууллагаас Монгол Улстай хамтран цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсон юм. Энэ үеэр Шүүхийн захиргааны олон улсын холбоо (IACA)-ны Ерөнхийлөгч Памела Харрис хурлын үеэр шүүхийн хараат бус байдал, хэрэг хянан шийдвэрлэх ачаалал, төсөв зэрэг нийтлэг асуудлаар улс орнуудын туршлага, сайн практикийг хэлэлцэх боломжтойг тэмдэглэж, Монгол Улсад зохион байгуулах ээлжит хуралд “Шүүхийн хараат бус байдал”-ын салбар хуралдаанд үндсэн илтгэл танилцуулахыг урьлаа.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт тус олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ уулзалтын эхэнд онцолсон бөгөөд зохион байгуулах хугацааг урьдчилан тодорхойлсон тохиолдолд зөвхөн шүүхийн захиргааны албан хаагчид бус шүүгч нар оролцож, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэх болон сайн туршлагыг сонсох сонирхолтойгоо илэрхийллээ. Мөн хурлын хөтөлбөрийг боловсруулахдаа манай оронд тулгарч буй бэрхшээлийг бусад улс орон хэрхэн оновчтойгоор шийдэн зохион байгуулж байгааг тусгаж өгөх хүсэлт гаргав. Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, хурлын бэлтгэл ажлыг үе шаттайгаар уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Гэрэлмаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах референт Б.Сугармаа, Олон улсын шүүхийн захиргааны байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал Кэвин Боулинг нар оролцов.