Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг одоогоос 2 жилийн өмнө буюу 2024 оны арваннэгдүгээр сард Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэхэд нь Чингис хаан нисэх онгоцны буудал дээрээс АТГ-ын мөрдөгчид баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан.
Тэгвэл С.Цэдэнсодном нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ С.Цэдэнсодномыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээний дагуу хийгдэж буй ажилд захиалагчийн хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ нэр бүхий хуулийн этгээдүүдээс хахууль авсан, тэдэнд давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон нэр бүхий 15 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгөх), 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.