Зөрчил гаргасан гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Зөрчил гаргасан гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор өнгөрсөн наймдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 27 удаагийн хяналт шалгалт хийжээ.

Тус хяналт шалгалтад 145 аж ахуйн нэгж, байгууллагын 2 299 гадаадын иргэнийг хамруулсан байна. Мөн зөрчилд холбогдсон нийт 2 994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулжээ.

Үүнээс 2741 буюу 91.55 хувь нь уригч хуулийн этгээдтэй, 244 буюу 8.15 хувь нь уригч хувь хүнтэй, 9 буюу 0.30 хувь нь уригч иргэнтэй холбоотой зөрчил гарчээ. Зөрчлийн төрлөөр авч үзвэл, уригч хуулийн этгээд гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж, хуульд заасан хариуцлага хүлээсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.

Гадаадын иргэнийг уригч иргэн, хуулийн этгээд нь тухайн иргэнийг хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, виз болон оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас гаргах, нутаг буцаах арга хэмжээ авахыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.