Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сараас бөхчүүдийг чансаагаар эрэмбэлж эхэлсэн. Ингэхдээ тодорхой нэр бүхий 16 барилдааныг сонгон авч, тэдгээрт үзүүлсэн амжилтаар нь 50-иас дээш оноо өгөх хэлбэрээр шинэчилж байна.
Өнгөрсөн сарын 13-нд болсон Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны дараа улсын заан С.Сүхбат чансааг тэргүүлж, начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, улсын аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгон нар эхний тавд жагсаж байв. Тэгвэл өнгөрсөн ням гарагт болсон “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны дараа чансаа шинэчлэхэд улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж эхлэв. Харин анх чансаа тогтоож эхэлсэн цагаас хойш тэргүүлж байсан заан С.Сүхбат, начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар нэг байр ухарч, харцага Э.Даш айргийн тавд багтлаа.
Чансааны 10-т эрэмбэтэй байсан аймгийн хурц арслан Д.Алтанцоож зургадугаар байр руу дэвшиж, улсын аварга О.Хангай гурваар ухарчээ. Дээрх бөхчүүдээс гадна улсын начин Д.Амарсайхан, Э.Батмагнай, заан М.Лхагвагэрэл нар топ аравт багтсан бол “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд үзүүрлэсэн заан Б.Бат-Өлзий арваннэгдүгээр жагсжээ.