Х.Нямбаатар: 2040 он хүртэл Улаанбаатар хот хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 242 их наяд төгрөг шаардлагатай

Х.Нямбаатар: 2040 он хүртэл Улаанбаатар хот хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 242 их наяд төгрөг шаардлагатай

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ямар эдийн засгийн систем дээр авсан бэ. Анхнаасаа тодорхой баймаар байна. Татварын бааз суурь маань ямар байх вэ. Төсвийн орлогоо хаанаас бүрдүүлэх вэ? Хотын захиргаанд хичнээн хүн ажиллаж байна. Орлого зарлага нь ямар байна вэ" гэдгийг тодрууллаа. 

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөг парламент, олон нийт бүгд ойлгох хэрэгтэй байгаа юм. Хувийн хэвшил, олон улсын төсөл, нийслэл дээр хэрэгжүүлж байгаа олон төсөл байгаа. Үүнийг эрэмбэлэх шаардлагатай юм. Шуурхай штаб дээр ч энэ асуудал яригдаж байгаа. Иймд хамтдаа хотоо ойлгоё гэж байгаа. Засгийн газраас асуудлуудаа эрэмбэлж байгаа. Хаврын чуулганд татвар, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, тендерийн багц хуулийг оруулж ирнэ. Бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг яаж татах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Төслүүдээ эрэмбэл гэж шахан ажиллаж байна. Бид одоо байгаа хурдаараа байвал нийслэл хот энэ хэвээрээ л байна. Хамтдаа Улаанбаатар хотод юу хийж, хэрхэн шийдэх вэ гэдэг нь чухал. Нэг цагаан морьтой ханхүү гэнэт гарч ирээд хотын тулгамдсан асуудлыг шийдэхгүй" гэдгийг хэллээ.  

Харин Хотын дарга Х.Нямбаатар "Манай ажлын хэсэг 2040 он хүртэл ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүрнэ. 1 хүнд ноогдох ДНБ 18 мянган ам.долларт хүргэнэ. Монгол Улсын төсвийг жилд 90 их наяд байна гэдэг тооцооллыг гаргасан. 2040 он хүртэл Улаанбаатар хот хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 242 их наяд төгрөг шаардлагатай. 120 их наяд төгрөг нь улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Үлдсэн 120 их наяд төгрөгийг хувийн хэвшлийн санхүүжилтээр хийх нь зүйтэй. Энэ ерөнхий төлөвлөгөөний суурь баталгаа төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг тооцоо судалгааг хийсэн. 2035 он гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний үндсэн хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ. Ингээд бодохоор эрчим хүчний дамжуулах шугамын өргөтөхөд 7 их наяд төгрөг шаардлагатай гэдэг урьдчилсан тооцоолол гараад байна" гэлээ.