С.Бат-Эрдэнэ: Хадны хөмөгт арьс, үс, хумстайгаа 800 жил хадгалагдсан язгууртны хатмал шарил буюу муммиг Баянхонгороос олж, судалж байна

С.Бат-Эрдэнэ: Хадны хөмөгт арьс, үс, хумстайгаа 800 жил хадгалагдсан язгууртны хатмал шарил буюу муммиг Баянхонгороос олж, судалж байна

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн археологийн судалгааны багийнхан 2023 оны дөрөвдүгээр сард Баянхонгор аймгийн Шинэжист сумын нутгаас Монголын эзэнт гүрний үеийн язгууртны хадны оршуулга буюу хатмал шарил олж, Япон, Солонгос, Америк зэрэг орнуудтай хамтарсан судалгаа хийж байна. Энэ талаар бид ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, доктор С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.  

ВИДЕО:

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баянхонгор аймгийн Шинэжист сумаас мумми олдсон гэх мэдээлэл аваад бид таньтай уулзаж байна. Тэгэхээр хэзээ, хаанаас, яаж энэ олдворыг олсон талаар яриагаа эхлье?

Манай шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн археологийн судалгааны багийнхан 2023 оны дөрөвдүгээр сард Баянхонгор аймгийн Шинэжист сумын нутагт хадны оршуулга байна гэдэг мэдээллийг авсан. Энэ мэдээллийг биологийн ухааны доктор Жаргалсайхан гэдэг хүн бидэнд мэдээлсэн. Жаргалсайхан докторт тухайн орон нутагт амьдран суугаа Шинэжинст сумын иргэн Гансүх, Мөнхтуяа гэдэг хоёр хүн мэдээлснээр археологийн авран хамгаалах судалгаа хийгдэх эхлэл тавигдсан. Улмаар бид 2023 оны дөрвөн сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд явж очсон. Шинэжинст сумын Сарлагтай гэдэг газарт энэ хатмал шарил буюу хадны оршуулга байж байсан.

-Та бүхнийг түүхэн дурсгалыг олоход олдвор ямар нөхцөл байдалтай байса вэ? 

-Биднийг тухайн нөхцөл байдалд очиход жижиг хадтай толгойн баруун хойшоо харсан хадны хөмөгт тухайн хүнийг оршуулаад гадуур нь чулуугаар таглаж өрсөн байдалтай байсан. Уг чулуунууд бол бүтэн өрлөгтэй биш тал хэсэг нь нураад уначихсан өөрөөр хэлбэл, ямарваа нэгэн байдлаар өмнө нь тоногдсон эсвэл мал амьтны хөлд нураад унасан гэмээр тохиолдлоор таглаас нь нурсан байдалтай байсан.

Бид судалгаагаа эхлээд баримтжуулалтаа эхлээд, авран хамгаалах малтлага судалгаа хийж байхад яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг дээл хувцас, гуталтайгаа, харамсалтай нь толгой нь байхгүй байсан. Толгойг нь бол өөр газраас олсон. Нэг ёсондоо энэ бол урд нь тоногдсон гэдгийг илтгэж байгаа юм. Гарынх нь баруун сарвууг мулталж хаяад их биеийнх нь доод талд хийчихсэн, нум сум болон хоромсогийг биеийнх нь доод талд бас хийсэн, зүүн талд нь саадаг, хатавч тавьсан байсан.

-Энэ төрлийн хадны оршуулга монгол орноос хэр их олддог вэ? 

Өнөөдрийн хүртэл монгол орны газар нутгаас нийтдээ 100 гаруй хадны оршуулга илэрч олдоод байна. Энэ хадны оршуулгын он цагийн хувьд бол Сяньбигийн үеэс авахуулаад 17 дугаар зууны үеийг хүртэлх буюу нийтдээ бараг 1500-аад жил үргэлжилсэн хадны оршуулгууд монгол нутгаас илэрч олдоод байна. Өөрөөр хэлбэл, Сяньбигийн үе, Жужаны үе, Түрэгийн үе, Уйгарын үе, Киданы үе, Монголын эзэнт гүрний үе, Монголоос хойшхи буюу 17 дугаар зуун хүртэлх үе буюу монголд буддын шашин дэлгэрэх үе хүртэлх тэр бүх цаг үеийн улсуудын хадны оршуулгууд илрээд байна.

Хадны оршуулга гэдэг бол оршуулгын зан үйл дундаа өвөрмөц хэлбэр. Нэг ёсондоо хаданд оршуулах, нэг ёсондоо хадан гэртээ очлоо гэж ярьдаг. Түүнтэй ижилхэн гэрийг төлөөлүүлж, байгалийн гэрийг төлөөлүүлж зан үйл үйлдэж тухайн хүнийг оршоож байгаа хэлбэр учраас Монголд байгаа оршуулах соёлын томоохон хэлбэр юм. Дэлхийн хаана ч байхгүй, нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэлбэр юм.

Ач холбогдлын хувьд гэвэл хадны оршуулга бусад оршуулгын зан үйлүүдээ бодвол харьцангуй сайн хадгалагдаж байдаг. Яагаад гэвэл хадны хөмөг эсвэл агуй дотор оршуулснаараа агаарын сэлгээ маш их явагдаж байдаг учраас тухайн оршуулга маш сайн хадгалагддаг. Хөрсөнд оршуулсан оршуулга бол тодорхой хэмжээнд ялзралт явагдаад хүний хувьд араг яс нь үлддэг бол хадны оршуулгын хувьд бүтэн арьс, үстэйгээ маш сайн хадгалагддаг. Эд зүйлс нь хүртэл маш сайн хадгалагдаж байдгаараа бусад оршуулгаа бодвол их ач холбогдолтой.

-Судалгаа шинжилгээний ажил хэрхэн үргэлжилж байна вэ? 

Хүний биед бол антропологийн судалгаа хийгдсэн. 45-50 орчим настай эрэгтэй хүн гэдэг нь тогтоогдсон. Дээр нь биеийн өндөр бол 180-188 см өндөртэй ийм хүн байгаа нь тогтоогдсон. Харьцуулсан судалгаагаар тухайн хүн бол язгууртан хүн гэж тогтоогоод байна. Ер нь монголд олдоод байгаа хадны оршуулгууд бол дийлэнх нь тоногдсон байж байдаг. Харин миний ярьж байгаа Сарлагтайн оршуулга бол харьцангуй бага тоногдсон, анатомийн байрлалаараа дээрээс нь хувцас хэрэглэлүүд нь бүтнээрээ үлдсэнээрээ их онцлогтой байгаад байна.

Энгийн ойлголтоор бол мумми гэж ойлгож болно.Монголын археологийн тогтсон ойлголтоор хатмал оршуулга гэж ярьж байгаа. Адилхан л мумми шиг хатаад үлдчихсэн оршуулга юм л даа.

Энэ хүн юугаараа онцлог байгаад байна гэвэл биеийн бараг дийлэнх хэсэг буюу 90-ээд хувь нь арьс, үстэйгээ бүтнээрээ байгаа. Гарын хумс хуруу мэдэгдэхүйц тэр байтугай гарын хурууны хээ нь хүртэл харагдаж байгаа. Хурууны хээн дээрээс мэдээлэл авч болж байна. Бас энэ хүний дотор гэдэс тодорхой хэмжээнд хатсан ч дээж авах түвшний үлдэцүүд байгаа учраас түүнээс дээж авах юм бол магадгүй энэ хүн хамгийн сүүлд юу идэж байсныг ч тогтоох боломжтой. Төмсөг нь бас хатаад товойгоод мэдэгдэхүйц харагдаж байгаа.

-Соёлын өвийн сэргээн засварлалт хэрхэн үргэлжил байна вэ? 

Соёлын өвийн төв дээр дээлэн дээр сэргээн засварлалтыг одоог хүртэл хийж байна. Дээлийг нь харахад маш нарийн ширмэл оёдолтой дээл байгаа. Дотуураа бол тааран өмсгөлтэй эзэнт гүрний үед холбогдох дээл байгаа. Малгайны хувьд бол эзэнт гүрний үеийн хүн чулуун хөшөөн дээр байдаг дугай оройтой малгай сэргээн засварлалтын явцад тогтоогдсон. Өмнө нь бол үүнийг малгай гэж төсөөлөхийн аргагүй байсан. Хатавч мөн адил байсан. Саадгийн хувьд бол ширээр хийгдсэн. Энэ дээл бол 13-14 дүгээр зууны буюу Монголын эзэнт гүрний үеийн дээл байсан.

Бидний таамаглаж байгаагаар дээл нь материалын судалгаагаар үхрийн шир гэж тогтоогдсон. Байрлалзүйн хувьд олдсон газар маань Сарлагтай гэдэг нэртэй газар байсан. Магадгүй үхрийн шир дундаа сарлагийнх байхыг үгүйсгэхгүй. Энэ бол дараа дараагийн нарийвчилсан судалгаагаар гарах байх. Одоо бол тухайн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сарлагтай гэдэг газар сарлаг байдаггүй. Гэхдээ цаахна талд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сарлаг байдаг. Яагаад энэ газрыг сарлагтай гэж нэрлэв гэдгийг ч бас бодох хэрэгтэй болов уу. Энэ хүний хувцас бол үхрийн шир, тэр дундаа сарлагийн шир байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг төдий.

Харьцуулсан судалгаагаар XIII-XIV дүгээр зуун буюу Монголын эзэнт гүрний үеийн оршуулга байна гэж олдсон эд өлөг, дагалдуулсан хоромсог саадаг зүйлүүд дээрээс нь дүгнэсэн.

Албан ёсны малтлага цэвэрлэгээний судалгааг явуулаад уг хатмал оршуулгыг зөөвөрлөж авчраад Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэж өгөөд одоог хүртэл тэнд хадгалаатай, бусад төрлийн судалгаанууд явагдаж байгаа. Гэхдээ энэ судалгаа бол эцэслэгдэж дуусаагүй гэдгийг дурдаж хэлмээр байна. Мэдээж бүх судалгаа явагдаад дууссаны дараа холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгөөд музейн хамгаалалтад авч олдвор болгож хадгалж үлдэнэ гэсэн ийм төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө