"Монгол Улс стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох бензин, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, шатахууны импортын хараат байдлаас гарна" гэх мэдээлэл одоогоос долоон жил гаруйн өмнө гарч, үүнд алга ташин баяр хүргэх хүн олон байсан.
Гэтэл өнөөдөр "Газрын тос боловсруулах үйлдвэр" ашиглалтад орох байтугай үйлдвэр нь баригдаж эхлээгүй байхад төсөл цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Учир нь анх нэг тэрбум ам.долларын өртөгтэй байсан тус төслийн төсөвт өртөг өдгөө 1.7 тэрбум ам.доллар болж өсөөд зогсохгүй тухайн төслийн ТЭЗҮ-г нууцад авч, магадгүй үүний цаана мөнгө угааж, Монгол Улсыг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсэж байж болзошгүй гэх хардлага улс төрийн хүрээнд хийгээд иргэдийн дунд үүсээд байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Энэтхэг улсын "Экспорт-Импорт" банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сард “Зээлийн ерөнхий хэлэлцээр” байгуулж, 2017 оны тавдугаар сард УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон баталснаар БНЭУ-ын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эрхзүйн орчин бүрдсэн байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Инженерс Индиа Лимитэд“ компани шалгарсан байна. Улмаар тус компани Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан гэгдэж буй. Гэтэл өнөөдөр тухайн ТЭЗҮ-ийг байдаг, байдаггүй талаарх мэдээлэл хүртэл гарч, эцэст нь уг баримт бичгийг төрийн нууцад авсан нь олон эрсдлийг дагуулж байгаа болох нь ил болов.
-ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН НЭМЭЛТ ЗЭЭЛИЙГ СОЁРХОН БАТЛАХГҮЙ БОЛ ЭНЭТХЭГИЙН КОМПАНИУД БҮГД ОРХИОД ГАРНА ХЭМЭЭ СҮРДҮҮЛЖЭЭ-
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн ТЭЗҮ-ийг Засгийн газрын тогтоолоор нууцад авсан аж. Мөн тус үйлдвэрт хийсэн аудитын дүгнэлтийг нууцад авсан бөгөөд аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор нууцад оруулжээ. Гэтэл Газрын тос боловсруулах үйлдвэрт асуудал үүслээ гэхэд манай улсын хуулиар бус Энэтхэг улсын Арбитрын шүүхээр шүүгдэж, манай улс үл маргах журмаар орох аж.
Хамгийн ноцтой нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг 36 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд хугацаандаа ашиглалтад оруулахгүй бол манай улс алданги, нөхөн төлбөр төлөхөөр байгаа юм байна. Гэтэл нөхөн төлбөрийн хэмжээ хэд вэ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийг ахлагч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон. Мөн тэрбээр "Үйлдвэрийн магадлаагүй зардал гэж 31 сая ам.доллар тавьсан байна. Үүнийг хэн зөвлөж, тавьсан юм бэ гэхээр эзэн олдохгүй байна. Түүнчлэн 1.7 тэрбум ам.долларын төсөлд эрсдэлийн үнэлгээ хийх ёстой ч огт хийлгээгүй. Гэтэл одоо нэмэлт зээлийг соёрхон батлахгүй бол багцууд дээр ажиллаж байгаа Энэтхэгийн компаниуд бүгд орхиод гарлаа гэж байгаа юм байна. Бид явуулахгүйн тулд энэ зээлийн хэлэлцээрийг батлах ёстой болоод байна" гэдгийг онцолж байгаа юм.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн ТЭЗҮ нууцад байгаа. Энэ ч утгаараа бүх зүйл нь нууц байна. Гэтэл албаныхны хэлж буйгаар манай улс энэ үйлдвэрийг 36 сарын дотор барилаа гэхэд газрын тосны нөөц байхгүй аж. Учир нь манай улсын газар доор 31 сая тонн газрын тосны нөөц байгаа ч хайгуул руу орох олон улсын компани олдохгүй байгаа юм байна. Тиймээс ч Энэтхэгийн компани хайгуулын ажилд өндөр дүнгээр оржээ. Гэсэн ч тус компани хайгуулаа хийгээд, нөөцөө тогтоогоод олборлолтоо хийхэд 5-10 жил шаардагдахаар байгаа аж. Гэтэл үйлдвэр гурван жилийн дараа ашиглалтад орвол түүхий эдгүй зогсох эрсдэл ч байгаа юм байна.
-НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙН ХУУЛБАРЫГ АВАХЫГ ХҮССЭН С.ЭРДЭНИЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХЭЭС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл 2019 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ уг асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан нь тусыг эс олж байжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нь "Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах, Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн бичиг баримтыг хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УУХҮЯ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч шүүхээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байжээ. Өөрөөр хэлбэл шүүх нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн бичиг баримтын хуулбарыг УИХ-ын гишүүнд өгөх боломжгүй гэж үзсэн байна.
Тэгвэл тус баримт бичиг улсын нууцад авагдсан хэвээр байгаа учир энэ удаад ч мөн гишүүд болоод Ажлын хэсгийнхэнд гаргаж өгөхгүй байх өндөр магадлалтай байгаа юм. Хэрэв нууцад авагдсан тус баримтыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах Ажлын хэсгийг гишүүдэд өгөхгүй бол Ажлын хэсэг дүгнэлт гаргах боломжгүй болно. Гэтэл тус ажлын хэсэг дээрх хоёр баримттай танилцсаны дараа цаашид яах вэ гэдгээ шийдвэрлэе гэсэн байр суурьтай байгаа гэдгийг тодотгоод буй. Үүнээс харахад магадгүй эл шалтгаанаар уг төсөл мөн л гацаж, хугацаа алдах эрсдэл үүсэж болзошгүй байна.
-ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН 17.5 КМ АВТО ЗАМЫГ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛСАН УЧИР ТӨРИЙН НУУЦАД АВСАН УУ-
Нөгөөтээгүүр, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г ямар шалтгаанаар улсын нууцад авав гэдэг нь анхаарал татаж байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл болгож төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг монголчууд өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж дууссан байдаг.
Тодотговол, Батлан хамгаалах яам 17,5 км хүнд даацын авто зам, “Улаанбаатар төмөр зам” ХНН 27 км төмөр зам, 3,7 км холбоос зам, төмөр бетон гүүр, туннель, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 18,6 км 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ дэд станцыг барьж Улсын комисст хүлээлгэж өгсөн аж. Энэ ч утгаараа төрийн нууцад авсан байж болзошгүй гэгдэж байна. Ямартай ч Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, шатахууны импортын хараат байдлаас гарна гэх "үлгэр" дахин хэдэн жил үргэлжлэх бололтой.