Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат энэ сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгссөн билээ. Талийгаачид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ.
ЭМГЭНЭЛ
Монгол төрийн анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн бөгөөд анхны эхийг баталгаажуулагч, үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийг хөгжүүлэгч, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг эрс бэхжүүлсэн, монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны 1 дүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын VIII, арван жилийн XIV дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсжээ.
Тэрээр 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхлэж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашсан бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сарын 3-наас 1992 оны 2 дугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны 2 дугаар сарын 12-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
П.Очирбат 1999-2001 онд ТИС-ийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос ШУТИС-ийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи уул уурхайн сургуулийн Зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.
Тэрээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, Академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Солонгосын Данкукийн Их сургууль, ОХУ-ын Санк-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены Их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон: “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улстөрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.
П.Очирбат Монгол улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, тус улсыг улс төрийн түгээмэл ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, засаглалын салаа мөчрүүдийн үйл ажиллагааг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть хамтын бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагналыг тус тус хүртээсэн юм. Тэрээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар” I,II,III зэргийн одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавъяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” одон болон бусад шагналыг хүртжээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монголчууд бид Таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг үеийн үед хүндэтгэн дурсах болно.