ВИДЕО: "Бага насны хүүхдүүд ханиад, томууны хүндрэлээс болж олон эрхтэний дутагдалд орж байна"

ВИДЕО: "Бага насны хүүхдүүд ханиад, томууны хүндрэлээс болж олон эрхтэний дутагдалд орж байна"

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.01.06/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин сүүлийн долоо хоногт дэгдэлтийн түвшинд байгаа аж.

ВИДЕО: 

-ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШАЛТГААНААР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮҮХДҮҮДИЙН ТОО 28 ХУВИАР БУУРЧЭЭ -

Түүнчлэн, 52 дугаар долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 111.819 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 13659 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлж байна. нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 15025 дуудлага ирсний 21 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байжээ. Нийслэлийн хэмжээнд 21 эмнэлгийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх  үндсэн 1329 ор дээр нэмэлтээр 1430 ор дэлгэж нийт 2759 орон дээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн хэмжээнд 2025.01.06-ны байдлаар 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 87.8 хувьд нь амьсгалын замын халдварын шалтгаан эзэлж байна. Орны ачааллын үндсэн орноос тооцож үзэхэд 115.9 хувь буюу өмнөх долоо хоногтой харьцуулбал энэ үзүүлэлт 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.  Өнгөрөгч амралтын өдрүүдэд 21 эмнэлэгийн хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт 2270 хүүхэд үзүүлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 28.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

-ЭНЭҮТ: H1N1 ВИРУС БОЛОН СЕНЦТАЛ ВИРУС НЬ УУШГИЙГ ЦОЧМОГ, ХҮЧТЭЙ ГЭМТЭЭЖ, БУСАД ЭРХТЭНД ХҮНДРЭЛ ӨГДӨГ-

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэхээний тасгийн эмч н.Энхтайван томуу томуу төст өвчний хүндрэлийн тухай тайлбар өгсөн юм. Томуугийн дэгдэлт эхэлснээс хойш томуугийн А хүрээний H1N1 хэв шинж, Сенцтал вирус голлон зонхилж байна. Эдгээр вирусийн хэв шинж нь уушгийг цочмог хүчтэй гэмтээж, бусад эрхтэн рүү хүндрэл амархан өгдөг хоруу чанартай. Ханиад томуу бол амьсгалыг хямраадаг өвчин. Өнөөдөр утаанаас болоод бага насны хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлд орж байна  Хүчилтөрөгчийн дутагдалд орсноос болоод хортой, дутуу исэлдсэн бодисууд хүний биед үлдчихдэг. Амьсгал, зүрх, элэг бөөрийг гадагшлуулахын тулд туйлдаж эхэлдэг. Улмаар хүчилтөрөгч дутагдсан хүүхэд уруул нь хөхөрч, цээж нь хонхолзож, амьсгал давчдах шинж тэмдгүүд илэрдэг. Амьсгалын дутагдалд орсон хүүхдүүд энгийн ханиад хүрсэн ч ухаан алдана, татна, гэдийнэ, уйлна, тайван биш болдог. Хүчилтөрөгч дутагдсанаас болж ханиад томуу хүндэрчт, тархины дутмагшил гэх мэт  олон эрхтэний дутагдалд орж байна гэлээ.