Б.Жаргалан: Засгийн газраас  Тавантолгойн бүлэг орд дээр гэрээ байгуулах эрх өөрсдөдөө шилжүүлж авах тогтоолын төсөл оруулж ирлээ

Б.Жаргалан: Засгийн газраас Тавантолгойн бүлэг орд дээр гэрээ байгуулах эрх өөрсдөдөө шилжүүлж авах тогтоолын төсөл оруулж ирлээ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төсөлд зааснаар Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулж, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг баримтлан, тухайн орд газруудыг урт, удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн дагуу хэлцэл хийх аж.

Тэгвэл энэхүү тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан өөрийн байр сууриа Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийллээ. Тэрбээр "Чоно борооноор гэдэг шиг Засгийн газраас хүмүүсийн анхаарал сарничихсан, улс төр хэрээс хэтэрчихсэн байхад төсвийн хуулиа дагалдуулаад Тавантолгойн бүлэг орд дээр гэрээ байгуулах эрх өөрсдөдөө шилжүүлж авах тогтоолын төсөл оруулж ирлээ. Үүнд хүмүүс анхаарч байгаа юм уу. Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг дээр Аж үйлдвэр эрдэс баялгийн яам болон Сангийн яамны хоёр газрын дарга сууж байна. Өөр хэн ч алга. Аж үйлдвэр, эрдэс баялаг болон Эдийн засаг, хөгжлийн сайд чинь хаашаа явчихсан юм бэ. Энэ байдлаар асуудалд хандвал маш харамсалтай байна. Нүүрсийг нь хэн хулгайлчихсан юм бэ. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанийн борлуулсан 160 сая орчим тонн нүүрсний гэрээнүүд ил болоогүй. Гэтэл Засгийн газар бүх нууц гэрээгээ ил болгочихсон юм шиг пи-ар хийгээд байгаа. Гэрээнүүд нь хаана байгаа юм бүү мэд. Би Даваа гарагт Ерөнхий сайдад хаяглаад Тавантолгойн орд газарт хийгдсэн Эрдэнэс Тавантолгой компанийн бүх нүүрсний гэрээг ил болго гэж шаардлага хүргүүлсэн. Өмнөх хулгай зэлгийд нь эзэн олдоогүй, баахан том дүнтэй тоо яригдаад байгаа энэ цаг мөч дээр дахиад Тавантолгойн ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулж, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг баримтлан, тухайн орд газруудыг урт, удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн дагуу хэлцэл хийх тогтоол оруулж ирж байна. Ашиглагдаагүй байгаа гэдэг хэсэг дээр ямар гэрээ байгуулах гээд байгаа вэ. Хөрөнгө оруулагч нь хаана байна. Энэ талаар хэн хариулт өгөх вэ. Чуулган дээр энэ талаар асуухад Н.Учрал сайд бүлэг орд дээр олон улсын стандарт бүрдүүлнэ гэж хэлээд дууссан. Байнгын хорооны гишүүддээ хэлэхэд энэ тогтоолын төслийг баталж болохгүй. Эхний ээлжид өмнө хийгдсэн гэрээ хэлцэл дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй" гэв.