Өнгөрөгч баасан гараг /2025.10.24/-т болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томилоод байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилсон.
Тэгвэл төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын зарим удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөх ажил үргэлжлэх мэдээлэл байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд зэрэг төрийн байгууллагын удирдлагуудыг сольж магадгүй байна. Сонирхуулахад, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай нэг нутаг, цаашлаад ураг төрлийн ч холбоотой байж магадгүй гэдэг. Түүний оронд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг томилох тухай мэдээлэл байна.