БОУАӨЯ 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур буюу "Нэг сум-нэг нуур" уриалга дэвшүүлж байна.
Хиймэл дагуулаас авсан зурагт үндэслэн, сумдын удирдлагатай уулзаж, 318 байршилд хөв цөөрөм байгуулах тохиромжтой гэж шийджээ. Монголын томоохон байгууллага, компаниуд “Тэрбум мод” санаачлагад нэгдсэн билээ. Мод амжилттай ургахын үндэс нь ус. Иймд хөв цөөрөм байгуулж, эргэн тойронд нь мод тарих боломжтой учир Усны газраас аж ахуйн нэгж байгууллагуудыг хөв цөөрөм байгуулахад оролцохыг уриалав. Улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийх ажлаа ирэх оны тавдугаар сараас эхлүүлж, 20-30 хөв цөөрөм байгуулах аж. Энэ нь хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн усан хангамжаас гадна үерээс хамгаалах, бусад усны хэрэглээг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг дэмжих зорилготой.
Дээрх 318 байршилд тохируулан хэд хэдэн жишиг зураг гаргажээ. Нэгдүгээрт, булаг, шанд, горхины хөлийг дагасан хөв цөөрөм байгуулснаар горхины урсацыг нэмнэ. Одоогоор 200 м урт, дунджаар 1.5 м өндөр далан барьж, 500 мянган м/кубээс ихгүй хэмжээний ус хуримтлуулах боломжтой. Сэлбийн эхэнд барьсан усан сан 300 мянга гаруй м/куб ус цуглуулдаг. Хоёрдугаарт, хуурай сайр, жалгыг дагасан хөв цөөрөм байгуулж, үерийн усыг тогтоон барина. Гуравдугаарт, гүний усны нөөцийг нэмэх зорилгоор газар доорх усан сан байгуулах. Говийн бүсэд газар дээрх ус уурших тул гүний усыг нэмж нөөцөө хамгаалахыг зорьжээ. Хэрлэн голын орчимд газрын доорх усны нөөцийг нэмэх арга замыг шийдэж байна.
Түүнчлэн, “333 нуур” хөтөлбөрийн хүрээнд ирэх онд мэргэжлийн барилгын ажил буюу шороон боомт хийхээр төлөвлөж, Сутай хайрханы хайлж буй мөнх цасны усыг тогтоон барихаар Ховд аймгийн Дарви суманд хөв цөөрөм байгуулах аж.
Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, хөв цөөрөм байгуулахад улсын төсвийн хөрөнгө, аж ахуйн нэгж байгууллагатай хамтрахаас гадна олон улсын санхүүгийн байгууллагаас одоогоор 5 сая ам.долларын хөрөнгө босгох боломжтойг Усны газрын дарга З.Батбаяр дурдаад, “Нэг хөв цөөрмийг ойролцоогоор 150 мянган ам.доллар буюу 400-500 сая төгрөгөөр босгох төсөөлөл бий. Тухайлбал, 21 аймаг, бүх сав газрын байршлыг тогтоож, өнгөрсөн 7 хоногт Булган аймагт хөв цөөрөм байгуулах боломжтой 13 байршлын талаар ИТХ-д нь танилцуулсан. Дараа нь Өмнөговь, Дорнод аймагт очиж, орон нутгийн төсвөөр хийх боломжийн талаар ярилцана. Хөв цөөрөм байгуулах саналаа орон нутгийнхаа хөгжлийг дэмждэг 21 аймаг, сумын нутгийн зөвлөлд танилцуулна” гэлээ.
Тэрбээр, “Хүн бүр тархиндаа хөв цөөрөм байгуулъя. Амаа угаахдаа усаа хэмнэж, дээврийн усаа хуримтлуулж байвал таны оролцоо, хувь нэмэр. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхий дахины ирээдүйд усны нөөц хомсдоно. Тухайлбал, 2080 онд дэлхий дээрх нийт мөнх цас 50 хувиар багасах бол манай оронд 2050 он гэхэд уулсын мөнх цаст хайлж дуусах тооцоо бий. Тооцоолбол, 300 мянган хүн, 15 сая мал, газар нутгийн гуравны нэгийг хамарсан экологийн сүйрэл юм. Монгол, БНХАУ, Казахстан улс 2040 он гэхэд нийт нутаг дэвсгэрийнх нь гуравны хоёрт усны нөөц хомсдох мэдээлэл байна. Өнгөрсөн 20 жилд маш их хуурайшилттай байсан бол сүүлийн 2-3 жилд ус ихтэй байлаа. Говьд 50 жил ороогүй бороо орж, үер буув. Ган, хуурайшилттай жилүүд 12 жилийн давтамжтай байх уу, энэ мөчлөг богиносох уу гэдгийг хэдэхэд бэрх байна. Үер, ган биенээ дагасан байдлаар үргэлжлэх аюул бий боллоо. Цэвдэг хайлснаар ус, намгархаг газрууд алга болж, гол мөрөн ширгэж, үерийн аюул нэмэгдэж байна. Сэлбэ голд өнгөрсөн жил халиа тош үүссэн, энэ жил ч дахих магадлалтай. Сүүлийн 2 жил дараалан үер боллоо. Эдгээрээс сэргийлэх арга нь усны нөөцийн хуримтлал” гэдгийг дахин тодотгосон юм.