Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар өнөөдөр /2024.12.17/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /2024.12.16/-ны өдөр "Хавдар судлалын II төв”-ийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах тухай 47 дугаар захирамж гаргажээ. Тус ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар энэ талаар мэдээлэл өгөхдөө "Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-н гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай нар багтаж байна. Улмаар Сонгинохайрхан дүүрэгт 95308 м.кв цогцолбор төв байгуулах ажлыг эхлүүлнэ. 2025 оны төсөвт үүнд зарцуулагдах төсөв суусан байгаа" гэсэн юм.
Т.МӨНХСАЙХАН: “ХАВДАР СУДЛАЛЫН II ТӨВ"-ИЙГ БАРЬЖ БАЙГУУЛАХАД 4-5 ЖИЛИЙН ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Манай улсын хувьд хавдрын нөхцөл байдал хүнд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. ЭМЯ-аас баримталж байгаа гол бодлого бол хавдрыг эрт илрүүлж, эмчлэх. Үндсэн гурван чиглэлийн бодлого явж байгаа. Нэгдүгээрт, хавдрын тусламж үйлчилгээг ард иргэд хэрхэн яаж амьдарч байгаа бүс нутаг, аймаг дүүрэгт нь үзүүлэх вэ. Хоёрдугаарт, хэрхэн яаж олон улсын түвшинд хүрсэн, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх вэ. Мөн “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг барьж байгуулах ажил байна. Энэ эмнэлгийг барихад 4-5 жилийн хугацаа шаардана. Тиймээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа ХСҮТ-ийг илүү өргөтгөж, тусламж үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай байна. Энэ мөнгө төсөвт суусан" гэлээ.
Ж.ЧИНБҮРЭН: ХАВДРЫН ЭМНЭЛГИЙГ ӨРГӨТГӨЖ, АЧААЛЛЫГ 2 ДАХИН БУУРУУЛАХАД 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨСӨН-
Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Ирэх оны төсөвт одоо үйл ажиллагаа явуулж байгаа хавдрын эмнэлгийн ачааллыг 2 дахин бууруулах, дахин өргөтгөх, бэлэн байгаа эмнэлгийг авахаар ажиллаж байна. Энэ ажилд 17 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Бидний барихаар эхлүүлж буй шинэ "Хавдрын судлалын II төв" эмнэлэг бол 95 мянган метр квадрат бүхий цогцолбор. Орчин цагийн дэлхийд хамгийн шилдэг технологийг эх орондоо авах ийм том амбицтай төсөл явж байгаа. Жижигхэн эмнэлэг барих биш юм биш үү. Туяа эмчилгээний технологи гэхэд маш өндөр өртөгтэй байдаг. Зөвхөн протон эмчилгээ гэхэд 40-50 саяын ам.долларын өртөгтэй. Энэ том технологи дээр олон улсын цөмийн энергийн агентлагаас тусламж үзүүлэхээр болсон" гэлээ.