Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдал, зудын эрсдэлээс сэргийлэх мэдээллийг малчдад хүргэх, энэ чиглэлээрх үнэлгээ хийх, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаар судалж, танилцах үүрэг бүхий нийт 110 шуурхай бүлэг Улсын онцгой байдлын штабаас гарч 21 аймгийн 330 суманд ажиллаж байна.
Шуурхай бүлгийн гишүүд өнөөдрийн (2024.12.10) байдлаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд байгуулагдсан 4800 гаруй хоршооны 1,175 малчин өрхөөр орж зээлийн зарцуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан ажиллаж байна. Зудын давтамж нэмэгдсэн, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт явагдаж буйтай холбоотойгоор малчдын амьжиргаа дордож, жижиг дунд үйлдвэр байгуулахад хүндрэлтэй байгаа энэ цаг үед “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг малчид, хоршоологчид олгох нь байгаа оносон зөв шийдвэр хэмээн орон нутгийн иргэд дүгнэж байна.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Бүтэн Гэрэлт-Од” хоршооны малчин Н.Жавхлантөгс авсан зээлээрээ фермертээ худаг, нарны зайн хураагуур бүхий цахилгааны эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ хоршоологч гишүүдтэйгээ хамтарч хадлан тэжээлээ бэлджээ. Тэрээр өнгөрөгч зун 20 га газарт ногоон тэжээл тариалсан байна. Цаг хүндэрвэл ногоон тэжээл бидэнд хангалттай бий. Мөн хураасан ногоон тэжээлээ зарж борлуулж амьжиргаагаа дээшлүүлэхэд ч дорвитой өөрчлөлт гарч байгааг дурджээ. Тэгвэл аймгийн аварга малчин н.Янжин 50 сая төгрөгийн зээл авчээ. Тэрээр зээлийн зарцуулалтын талаар ярихдаа “Зудад мал нь цөөрсөн малчид авсан зээлээрээ хонь, ямаа, үхэр түлхүү худалдаж авч байна. Манайх үхэр авсан. Малчдад ийм хөнгөлөлттэй зээл олгох нь их оновчтой юм байна. Зээл авсан малчид авсан зээлээрээ юм юм л хийж байна. Зарим нь цагаан идээний машин авч, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Мөн нэг хэсэг нь эсгий ноосны ээрүүлийн машин авч өөрсдийн аж ахуйн нэгж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд дор бүрнээ л хөдөлмөрлөцгөөж байна” гэв.
Ийн малчид амьжиргааны эх үүсвэр болсон малаа тарган тавтай онд оруулах, бордож өсгөх чиглэлээр малын хашаа саравч, тэжээлийн агуулах зэргийг бэлдэцгээжээ. Түүнчлэн малчид хоршоолж аж ахуйн нэгж байгуулж байгаа нь зуд, байгалийн гамшгийн үед нэгдэж даван гарахад ихээхэн ач холбогдолтой юм.