Дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан Хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэх боломж бүрдлээ

Дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан Хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэх боломж бүрдлээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг нь ОХУ 2016 оныг хүртэл эзэмшиж байсан. Харин 2016 оны зургаадугаар сар /2023.06/-д Эрдэнэт ТӨҮГ-ын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын зэс корпорац худалдан авснаар тус үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирсэн юм.

-АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МАРГААНЫГ ЭЦЭСЛЭНЭ-

Улмаар энэхүү 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдан авсан асуудлыг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд, “худалдан авах ажиллагааг хууль зөрчин зохион байгуулсан” гэх хачирхалтай дүгнэлт гаргаж, 2017 онд 23 тоот тогтоол гарган тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан ч энэ асуудал хуулийн байыгууллагад шалгагдсаар 8 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.

Эл хэрэг У.Хүрэлсүхийн Засгийн газраас эхлээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүртэл дөрвөн Засгийн газрын нүүр үзэж байна. Улмаар Хамтарсан Засгийн газрын үед уг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх боломж бүрджээ.

Тодруулбал, саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголросцветмет ХХК-иудын 49 хувийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг томилжээ. Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар багтсан байна. Өмнө нь Сангийн сайд Б.Жавхлан дээрх ажлын хэсгийг ахалж, хоёр ч удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, “Монголын зэс” корпорацид нөхөн төлбөр олгож байсан. Энэ нь өдгөө хэлэлцээрийн шатанд хүрэхэд гол түлхэц болжээ.

-"ОЮУ ТОЛГОЙ" ХХК-Д ҮҮССЭН АСУУДЛЫГ Ч МӨН ШИЙДВЭРЛЭЖ, ОЛОН УЛСАД ЗАРЛАНА-

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсэг нь мөн Оюутолгой ХХК-тай холбоотой үүссэн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй аж. Сонирхуулахад,  2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаниуд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болсон билээ.

Улмаар УИХ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Оюутолгой” ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд “Оюутолгой” компаниас “Туркойс Хилл Ресурс” компанид төлөх нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж хүчингүй болгох, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах талаар тусгаж, холбогдох арга хэмжээг авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвшөөрч байсан юм.

Одоогоор Оюутолгойн асуудлыг Лондонгийн Арбитрийн шүүхээр хэлэлцэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар “Оюутолгой” компанийн татвартай холбоотойгоор Лондонгийн Арбитрийн шүүх дээр үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг дээрх ажлын хэсэг хариуцан ажиллахыг даалгажээ. Мөн уг ажлын хэсгийнхэн 2025 оны гуравдугаар сард Канадын Торонто хотноо болох PDAC форумын үеэр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн маргаанууд дуусгавар болсныг зарлах аж. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улс түүхийн шинэ хуудсыг нээх эхлэл тавигдах боломж ийнхүү бүрдэж байна. 




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө