Эрчим хүчний реформын Үндэсний хорооноос өнөөдөр /2024.12.10/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд, "УИХ-ын ирэх оны төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан нэлээд олон зөрүүтэй мэдээллүүд явж байна. Үүнтэй холбоотой зарим нэг тодруулга өгөх нь зүйтэй гэж үзлээ. Хамтарсан Засгийн газар байгуулсан гол зорилго нь 34 жилийн асуудлаа шийдэж, бодитой төслүүдийг хэрэгжүүлж, ирэх дөрвөн жил эдийн засгийн реформыг хийнэ гэж шийдсэн. Эдийн засгийн реформын хамгийн чухал суурь нь эрчим хүчний реформ. Эрчим хүч байхгүй бол эдийн засаг байхгүй. Гэтэл манай улс эрчим хүчний асар их нөөцтэй хэрнээ эрчим хүчний шилжилт, реформ хийгээгүй 34 жил явсны үр дүнд эдийн засгийн өсөлтгүй гацчихаад байна.
Иргэдийн эргэлзээтэй нэг зүйл байгаа нь "экспороо хийж чадах уу. Эхний ээлжинд өөрсдийнхөө эрчим хүчийг хангадаг байх нь чухал шүү дээ" гэсэн саналыг илэрхийлж байгаа. Баяртай мэдээ дуулгахад Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил хэрэгжээд явж байна. Ерөнхий сайдын Саудын Араб, Эмират, Бахрейн улсуудад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Энэ хүрээнд томоохон хэмжээний эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр Саудын Арабын хөрөнгө оруулагч нартай уулзаж, санал солилцоод хамтарч ажиллахаар болсон.
Бид зөвхөн өөрсдийгөө эрчим хүчээр хангадаг бус эрчим хүчийг экспортлох зорилго маань бодитой ажил хэрэг болоод явж байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-тай маш сайн яриа хэлэлцээр хийж, Шанхайн экспогийн үеэр Ерөнхий сайдын түвшинд уулзаж ярилцаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавиад байна. Үүний үр дүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хөдөлж байгаа. Манай зээлжих зэрэглэл өсөж, эдийн засаг тогтвортой байгаа учраас хөрөнгө оруулагчид манай улсыг ихээхэн сонирхоож байна. Харин энэ хугацаанд зөрүүтэй мэдээллүүд их гарлаа" гэв.
Эрчим хүчний Үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Жамбаа, “Эрчим хүчний Үндэсний хороо ажлуудаа төлөвлөөд явж байна. Хэвлэл мэдээллээр яваад байгаа 8 тэрбум гэдэг асуудал буруу тоо. Эрчим хүчний үндэсний хорооны зүгээс тарифын шинэчлэлийг хийсний дараагаар дараагийн том судалгаануудыг хийж байгаа. Тухайлбал эрчим хүчний реформын асуудалд олон улсын зөвлөх үйлчилгээ авна. Одоо бол эрчим хүчний салбарт нэг худалдан авагчийн загвартай байгаа. Үүнийг бид өөрчилж, нэг талдаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа хүмүүс болон цахилгаан эрчим хүч худалдан авч байгаа хүмүүсийг шууд холбох ажлын судалгааг хийнэ. Мөн Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах багц ажлыг хийнэ. Тарифын өөрчлөлтийн дараагаар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж зардлыг бууруулах ажлыг мөн хийнэ. Эрчим хүчний компаниуд олон жилийн хугацаанд алдагдалтай ажилласан. Бидний тооцоогоор тарифын нэмэгдэлтэй уялуулаад 2027 он гэхэд эрчим хүчний салбарын дунд болон урт хугацаат зээлүүд төлөгдөөд дуусна. Ирэх оноос бид санхүүгийн аудит, олон улсын аудит хийлгэж, олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлийг хийж ажиллана. Бидний тооцооллоор 2027 оны сүүл гэхэд эрчим хүчний томоохон компаниуд олон нитийн компани болох нөхцөл бүрдэнэ. Бид үүнийг үе шаттай хийгээд явж байна. Мөн хэвлэлийн зардал 500 сая төгрөгийг тусгасан" гэлээ.
ВИДЕО: