Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Трамптай Францын нийслэл Парис хотод уулзаж, тэд бусад олон орны удирдагчдын хамт 2019 онд гал түймэрт өртсөн ч, сэргээн босгосон "Нотр Дам" сүмийн нээлтэд оролцсон байна.
Францын "Елисей"-н ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, В.Зеленский, Д.Трамп нарын уулзалт гурван талт форматаар болсон бөгөөд Францын Ерөнхийлөгч Э.Макрон тэдний уулзалтад оролцсон байна. Энэ нь Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш В.Зеленскийтэй хийсэн анхны уулзалт нь юм.
Тэгвэл тус уулзалтын талаар В.Зеленский, "Сайн үр дүнтэй уулзалт боллоо. Д.Трамп урьдын адил шийдэмгий байна. Үүнд баярлалаа" хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр, "Бид бүгд энэ дайныг аль болох хурдан бөгөөд шударгаар дуусгахыг хүсч байна. Бид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон" нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC