Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XVI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.
Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хошууч генерал Б.Баатар тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ “Та бүхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал бөгөөд элдэв андуу ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн 20 гаруй жилийн түүхийг харлуулж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгээрэй” хэмээн захилаа.
Мөн энэ үеэр мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын ар гэрийг төлөөлж дэд ахлагч Б.Тэнгисийн аав Н.Байгаль үг хэлсэн юм. Тэрбээр, “Хүүгээ Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын төлөөлөл, ажил албандаа мэргэшсэн шилдэг цэргийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн жигдрэн зогсохыг харах сайхан байна.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ амжилттай биелүүлэхэд баг хамт олон та бүхэнд гар нийлэмжтэй ажиллагаа, эр зориг, эрдэм мэдлэг, ур ухаан, тэсвэр хатуужил нэн чухал билээ. Алс газрын Африк тивд эртний Монгол цэргийн дайчин уламжлалын үргэлжлэл болж энэ цагт энхийг сахиулан Монгол цэргийг Дэлхийн цэрэг болох үйлсэд бодит хувь нэмрээ оруулах хариуцлагатай албанд нь амжилт хүсье ээ. Монгол аав, ээж алс газар явсан үр хүүхдүүдийнхээ хойноос санаа тавьж, цай, сүүнийхээ дээжийг өргөн эсэн мэнд, сайн яваад ирэхийг залбиран хүлээж суудаг билээ. Тэр сайхан уламжлалаар бид Та бүхнийгээ хүлээн суух болно. Миний хүүхдүүд хүний газар, гүний нутагт бие биедээ дэмтэй тустай байж, аюулгүй байдлаа сайн хангаж, эрүүл мэнддээ онцгой анхаарч яваарай гэж эцэг хүний хувьд аминчлан захиж байна.
Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргах нэн хариуцлагатай албанд үүрэг гүйцэтгэхэд ар гэрийнхэн бид энхийг сахиулагч Та нарынхаа сэтгэлийг амар тайван байлгаж, эрүүл энх, сайн сууж байх болно" гэлээ.