Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад Дамаск хотоос үл мэдэгдэх зүг хөдөлсөн тухай Сирийн хоёр өндөр албан тушаалтны мэдээлснийг Ройтерс агентлаг мэдээллээ. Башар аль-Асад 2000 онд Сирийн ерөнхийлөгч болсон бол түүний өмнө Сирийн ерөнхийлөгчийн тушаалыг түүний эцэг Хафез аль-Асад бараг 30 жил хашсан юм.
Харин Сирийн удирдагч Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг зэвсэгт бүлэглэлийн дайчид "Дамаск хотыг бүслэх эцсийн шатыг эхлүүлсэн" гэж мэдэгджээ. Тэгвэл Сирийн үндсэн арми Дамаск хотоос 10 орчим километрийн зайд орших хэд хэдэн сууринг орхин одсон бөгөөд одоо эдгээр суурингууд зэвсэгт бүлэглэлийн дайчидын хяналтад орсон байна.
Египет, Иорданы албаны хүмүүс Башар аль-Ассадыг Сириэс гарч, сөрөг хүчний төлөөлөгчдийг багтаасан түр зөвлөл байгуулахыг уриалсан бол Башар аль-Асад өнгөрөгч баасан гараг /2024.12.06/-т Сирид үлдэж, эхнэр, хүүхдүүд нь Орос руу явсан гэж Сирийн албаны хүмүүс мэдээлсэн талаар The Wall Street Journal мэдээллээ.
Эх сурвалж: Ройтерс