БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах саналыг маргааш парламентдаа өргөн барихаар болжээ

2024-12-04 14:20

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах саналыг маргааш парламентдаа өргөн барихаар болжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёол өчигдөр /2024.12.03/ орой тус улсад цэргийн дэглэм тогтоохыг оролдсон боловч нэг цагийн дараа бүтэлгүйтэж, түүний шийдвэрийг парламент цуцалсан.  

Харин Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд олонхыг бүрдүүлж буй Ардчилсан намын гишүүд Юн Сок Ёолыг "өөрөө огцрохгүй" бол түүнийг огцруулах ажиллагааг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Тэгвэл маргааш /2024.12.05/ болох БНСУ-ын Үндэсний Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах төслийг өргөн барьж, уг асуудлаар 12 дугаар сарын 6-7 нд санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

2024-12-04 10:43

ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албаны бүх хүмүүс огцорч буйгаа мэдэгдсэн бол Юн Сок Ёолыг огцрохыг шаардсан жагсаал үргэлжилж байна

БНСУ-ын нийслэл Сөүл хотын төвд байрлах Үндэсний Ассамблейн байрны гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа аж.

Учир нь тэрбээр өчигдөр /2024.12.03/ орой гэнэтийн шийдвэр гаргаж, дайны бэлэн байдал зарласныг Үндэсний Ассамблейн гишүүд нь хүчингүй болгосон. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол өчигдөр орой телевизээр "дайны байдал" зарлаж буй гаа мэдэгдсэнээсээ олон нийтэд хандаж ямар ч мэдэгдэл хийгээгүй, гарч ирээгүй байгаа аж. 

Тэгвэл БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын дайны байдал тогтоох оролдлого бүтэлгүйтсэний дараа түүний ажлын албаны бүх ажилтнууд өнөөдөр /2024.12.04/ өглөө ажлаа өгч буйгаа мэдэгдсэн байна.  

Харин БНСУ-ын Үндэсний Ассамблейд олонхыг бүрдүүлж буй Ардчилсан намын гишүүд Юн Сок Ёол өөрөө огцрохгүй бол түүнийг огцруулах ажиллагааг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ Сөүл болон БНСУ-ын бусад хотуудад ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцрохыг шаардсан жагсаал өглөө дахин эхэлсэн байна.

Эх сурвалж: Yonhap News