БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өнөөдөр /2024.12.03/ орой дайны онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн байна. Түүний энэхүү гэнэтийн шийдвэр нь коммунист хүчнээс улс орноо хамгаалах зорилготой гэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль ард түмэндээ хандаж телевизээр хэлсэн үгэндээ, "Би Хойд Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгаж, үндсэн хуулийн эрх чөлөөг хамгаалахын тулд дайны онц байдал зарлаж байна. Би ангал руу гулсаж буй эрх чөлөөтэй БНСУ-ыг хамгаалах болно" гэжээ. Мөн тэрээр, "Сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж бослого гаргахыг оролдсон" гэж нэмж хэлжээ.
Тэгвэл БНСУ-ын сөрөг хүчин болох Ардчилсан намаас төсвийн тодотголын төслийг хүчээр батлуулахыг оролдож, улсын Аудит болон Ерөнхий прокурорыг огцруулах санал ирүүлсний дараа Юн Сок Ёль ийм шийдвэр гаргасан гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Харин БНСУ-ын эрх баригч нам болон сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн шийдвэрийг "буруу" гэж мэдэгдээд, түүнийг шийдвэрийг зогсооно гэж мэдэгдээд байна.
Тодруулбал, БНСУ-ын Үндсэн хуульд Үндэсний ассамблейн олонхийн саналаар ерөнхийлөгчийн тогтоосон цэргийн дэглэмийг цуцалж болно гэж заасан байдаг аж. Иймд БНСУ-ын ерөнхийлөгчийн дайны байдал зарласан шийдвэрийг цуцлахын тулд гишүүдээ Үндэсний ассемблэйд дуудаад байгаа аж.
Эх сурвалж: BBC