Бразилын цагдаа нар 2022 онд Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн амийг хөнөөхөөр завдсан гэх хэргээр экс ерөнхийлөгч Жаир Болсонарогийн зөвлөх асан таван хүнийг баривчилжээ.
Тодруулбал төрийн эргэлт хийх оролдлогыг Лулаг албан тушаалд очихоос өмнө буюу 2022 оны сүүлээр зохион байгуулсан гэж Холбооны цагдаагийн газраас мэдээлэв. Тус улсын Дээд шүүхийн мэдэгдсэнээр, эдгээр гэмт этгээдүүд нь Лулаг ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байх үед буюу 2022 онд хөнөөх гэж завдсан. Мөн Лулагийн дэд ерөнхийлөгч Жеральдо Алкмин, Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес нарыг барьцаалж, алхаар төлөвлөж байжээ. Ням гарагт Мораесийн гарын үсэг зурсан тушаалаар тэтгэвэрт гарсан генерал Марио Фернандес зэрэг таван сэжигтнийг урьдчилан хорих зөвшөөрөл олгосон байна. Энэхүү хуйвалдааны хэрэгт тусгай хүчний сургалтад хамрагдсан бусад цэргийн албан хаагчид мөн оролцсон гэж Холбооны цагдаагийн газар мэдэгдэв. Түүнчлэн "мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсийн боловсруулсан төлөвлөгөөнд цэргийн үйл ажиллагааны дэвшилтэт арга техникийг ашиглан үйл ажиллагааг явуулахад шаардагдах хүний болон цэргийн нөөцийг нарийвчлан тусгасан" гэж цагдаа хэлэв. Уг төлөвлөгөөнд Бразилийн засгийн газарт төрийн эргэлт зохион байгуулагчдын хяналтад байх “Институтийн хямралын удирдлагын алба” байгуулахаар төлөвлөж байсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу, зохион байгуулсан гэх хүмүүс улс төрийн аллага үйлдэх хэд хэдэн арга, тухайлбал, хор, тэсрэх төхөөрөмж ашиглахыг мөн завдсан байна.
Эх сурвалж: CNN News