Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-ийн төслийг боловсруулж, өнгөрсөн онд УИХ-аар батлуулсан. Түүний боловсруулсан хуулийг дагалдуулан баталсан зарим тогтоол, журам хүний эрхийг зөрчиж байж болзошгүй асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.
Учир нь уг хуулийг дагалдуулан НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг гаргасан байдаг. Уг тогтоолоор, Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосноос гадна, аравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Улаанбаатарын серитэй улсын дугаарыг иргэдэд олгохгүй болсон. Мөн өнгөрсөн сарын 1-ээс эхлэн /2024.10.01/ хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутамд буюу 24 цагт 5000 төгрөг төлж байгаа юм.
ВИДЕО:
-ИРГЭДИЙН БУРУУ БИШ БАЙХАД НЭМЖ ДАРАМТЛААД ЭДИЙН ЗАСГААР НЬ ХОХИРООЖ, ӨМЧИЙН ЭРХЭНД НЬ ХАЛДАХ НЬ МАШ БУРУУ-
-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын боловсруулж, батлуулсан "Гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах" хууль болон тус хуулийг дагалдуулж баталсан журам, тогтоол зэрэг нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний өмчтэй байх, чөлөөтэй зорчих эрхийг зөрчөөд байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Та УИХ дахь Хүний эрхийн дэд хороог ахалж буй хүний хувьд уг шүүмжлэлтэй санал нийлж байгаа юу?
- Бидний хувьд "Хүний эрх зөрчсөн, эс зөрчсөн" гэж тогтоодог субьект биш. Гэхдээ хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй хэрэгт хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх, алдааг засварлах үүрэгтэй. Машин явуулахгүй хязгаарлаж буй асуудлын тухайд бол бодлого гэж зүйлийг заавал уялдуулж ярих ёстой. Тухайлбал, Хотын дарга Х.Нямбаатар Сингапур зэрэг улсын туршлагыг авч хэрэглэсэн гэж байна лээ. Гэхдээ Сингапурт нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй шийдэж, энэ чиглэлд олон арван жил хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэнд иргэн А цэгээс Б цэгт очихын тулд хүндрэлгүй зорчиж байна. Өөрөөр хэлбэл, асуудлаа шийдчихсэн. Нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг чирэгдэлгүй шийдсэнийхээ дараа үе шаттайгаар дараагийн ажлыг хэрэгжүүлж болно. Цаашлаад энэ асуудал ганц Х.Нямбаатартаа байгаа юм биш. Улаанбаатар хотын сүүлийн 30 жилийн төлөвлөлт яаж хийгдсэн юм. Үнэндээ газрын замбараагүй наймаанаас болж ямар ч төлөвлөлтгүй л энэ хүрсэн.
Хүний эрхийн наад захын стандартыг хангасан бүтээн байгуулалтыг хийж чадсан юм уу, үгүй юм уу. Энэ хотод стандарт хэрэгжиж чадаж байна уу. Анхнаасаа шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт хийгдээгүй, газрын наймаанаас болж хаа сайгүй байшин барьж чигжсэн. Энд мэргэжлийн хотын төлөвлөлт байхгүй шүү дээ. Үүнийгээ дагаад нийтийн тээврийн хөгжилд тодорхой хэмжээний саад бэрхшээл тулгардаг. Хаа байсан Э.Бат-Үүл даргын үед 33 уулзварыг өргөтгөж, автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг болгосноос хойш хотод шинэ ажил огт хийгээгүй шүү дээ. Тэгэхээр одоогийн удирдлагууд асуудлыг цогцоор нь төлөвлөж, төлөвлөлтийн алдаа байгаа бол засварлах талаар эхлээд ярих ёстой юм.
Хамгийн гол нь судалгаагаа олон нийтэд танилцуулах ёстой. Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийг 750 мянгад барьж байгаа юм бол яагаад гэдгээ тайлбарлаж, олон нийтийн хэлэлцүүлгийг хийх ёстой юм.
Орон нутгийн сонгууль сарын өмнө болоход чухам л "Сайн, сайхан хотод та бүхнийг амьдруулна. Биднийг сонгоорой" гэж байсан. Гэтэл сонгогдсоныхоо дараа олон нийтэд бүрэн танилцуулаагүй, судалгаа нь итгэл үнэмшил төрүүлэхгүй шийдвэрүүдийг шууд тулгаж байна. Энэ тулгалтыг нь шүүмжилж, хүний эрх зөрчөөд байна шүү дээ гэх агуулгаар шаардлага тавингууд "Хэдэн халтар төгрөгтэй ченжүүд" гэж хэлж байна. Уучлаарай энэ юу гэсэн үг юм бэ. Нийтийн албан тушаалтан иргэдээ ингэж доромжилж болдог юм уу. Ченжүүд хувийн бизнес хийж, татвар төлж байна. Энэ хэдэн адлуулсан бизнес эрхлэгчийн нуруун дээр энэ улс явдаг юм. Ингэж болохгүй. "Зөвхөн миний зөв" гэж зүтгэхээсээ илүү учир шалтгаанаа илүү тайлбарлах ёстой. Ийм ийм гарц, эрсдэл, боломжууд байна. Магадгүй ийм, ийм асуудал үүсч болзошгүй шүү гэдгийг тайлбарлаад, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй байсан. Би эко автомашины төлөөлөлтэй уулзсан. Тэд хэлэхдээ "Бидэнд хугацаа өгөөгүй, тулгасан. Өвөл хүйтрэхтэй зэрэгцээд ийм шийдвэр гаргасан нь хүндрэл учруулж байна. Буруу талтай хүрдтэй болон он "хөгшин" тээврийн хэрэгсийг хумих нь бол зөв. Гэхдээ бидэнд хугацаа хэрэгтэй байсан" гэх саналыг хэлж байна лээ. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах баталгааг хангуулахын төлөө шийдвэр гаргах гээд байнаа гэвэл логикийн хувьд зөв. Хичнээн гашуун байсан ч гэлээ Үндэсний аюулгүй байдал, энэ улсын хөгжил дэвшил түүний цөмд байгаа монгол хүний эрүүл аюулгүй байдлын төлөө энэ шийдвэрийг гаргаж байгаа юм гэж учирлавал болно. Түүнээс биш тулгаж байгаад нэг шийдвэр гаргачихсан тэгээд түүнтэйгээ холбоотойгоор хүмүүсийг тавлаж байж болохгүй. Нийтийн албанд сонгогдсон хүнээс гарах ёсгүй ёс зүйн алдаа. Зөвхөн энэ хандлага нь маш том ёс зүйн алдаа юм.
-Үе, үеийн хотын дарга нарын авлигалын хор уршгийн алдааг иргэдээс хайгаад байна. Бид яг ямар буруутай юм. Ерөөсөө л хамгийн эхэнд хорино, цагдана, хязгаарлана, үнэ нэмнэ гэж иргэдийг бухимдуулж байна шүү дээ. Эрэмбэ, дарааллын хувьд зөв үү?
-Улаанбаатар хотын эмх, цэгцгүй зохион байгуулалт нь иргэдийн буруу биш шүү дээ. Зөвхөн Нямбаатарын буруу ч биш. Энэ бол өнгөрсөн 30 жилд авлига авч хариуцлагагүй төлөвлөлт хийсэн хүмүүсийн л буруу шүү дээ. Тэр хүмүүстээ хариуцлага тооц л доо. Иргэдийн буруу биш байхад нэмж дарамтлаад эдийн засаг, орлого, өмчийн эрхэнд нь халдаад хүний эрхийн мэдрэмжгүй ажиллаж буй нь маш буруу. Хотын дарга бол менежер байх ёстой юм. Тухайн хотын хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, санаа бодлыг нь шийдвэр гаргалтандаа хамгийн ихээр тусгаж байх, бодлогын судалгааг байнга хийж түүнийгээ иргэддээ танилцуулж байх ёстой юм. Хувийн субьектив хандлага биш судалгааг л танилцуулах ёстой. Үнэхээр улс орны хөгжилд нэмэртэй шийдвэрийг иргэд ойлгож, дэмжинэ шүү дээ. Бид чинь учиргүй муйхарладаггүй аль болох ойлгохыг хичээдэг биз дээ. Гол нь өргөн хүрээнд танилцуул, дуу хоолойг нь сонсож, хэлэлцүүлэг хийж, ойлгуулах хэрэгтэй гэдгий л би дахин хэлье. НИТХ-ын хуралд үг хэлж, хэдэн сошиал хаягаар тараасныгаа олон нийтэд мэдээлсэн гэж байгаа бол өрөөсгөл шүү. Ер нь хэн ч байсан иргэдээсээ л асуух ёстой юм.
-БИД ХҮМҮҮНЛЭГ ИРГЭНИЙ АРДЧИЛСАН НИЙГМИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА. ЭНЭ ҮНЭТ ЗҮЙЛЭЭС УХАРЧ БОЛОХГҮЙ-
-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар иргэдээ алхаж, дугуй унаж, автобусаар зорчвол хөнгөлөлт, урамшууллын купон өгнө гэсэн. Гэтэл манай хотод хүн алхах боломж хэр билээ. Энэ их утаанд, ямар ч зориулалтын замгүй хотод алх гэж буй нь нэг талаараа доромжлол шиг сонсогдож байгаа?
-Хүн амьдрах наад захын стандартгүй талаар дээр би дурдсан. Хүний төлөө стандартыг л хэрэгжүүлж чадвал бид асуудлаасаа салж чадна. Өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд ногоон бодлогыг дэмжигч маш олон хүн цуглараад ярьж байна.Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 11.7 их наяд төгрөгийг утаанд зарцуулсан байна. Нэг тэрбум төгрөг их мөнгө шүү дээ. Сая төгрөгийг мянгаар үржүүлбэл нэг тэрбум төгрөг, нэг тэрбум төгрөгийг мянгаар үржүүлбэл их наяд буюу нэг триллион төгрөг. Гэвч нэг тэрбум төгрөгийг 11700 дахин үржүүлсэн буюу 11,7 их наяд төгрөгийг утааг багасгахад зориулжээ. Гэтэл өнөөдөр утаа байсаар байна. Тэгэхээр Чингис бондыг нугласан хэмжээний буюу 3 тэрбум гаруй долларыг утааг багасгахад зориулсан талаар ярьж байна. Улаанбаатал хотод нийт 280 гаруй мянган яндан бий бөгөөд дээрх мөнгөөр янданг орон сууцаар солих бүрэн боломж байсан. Гэтэл тэгээгүй байна. Монголд мөнгө бол байна. Тэр мөнгө байгааг яаж мэдээд байгаа юм. Дарга нар тансаглах, гадагшаа дотогшоо явж зугаалах, үнэтэй чамин ганган машин авч унахад мөнгө олдоод байдаг мөртлөө цэцэрлэгийн хүүхдийн хоногийн 2400 төгрөгийн хоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэх гэхээр мөнгө олдохоо больчихдог.
Энэ жилийн буюу 2025 оны төсвийг дагуулж 2025 оны хөгжлийн хөтөлбөрийг оруулж ирсэн. Тэр хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөнд нэгд, эдийн засаг, хоёрдугаарт, бүсчилсэн хөгжил, гуравдугаарт, Монгол хүний тухай дөрөвдүгээрт, Монгол хүний эрх чөлөөний тухай асуудал орж ирж байна. Угтаа бол хүн төвтэй нийгэм хаанаас эхлэх ёстой юм бэ. Хүнээсээ л эхлэх ёстой биздээ. Эхлээд Монгол хүнд ямар асуудал тулгамдаж байна.
Бидэнд хэдэн мянган мега төсөл байгаад яах юм бэ. Монгол хүн жилд хэдэн мянгаараа үхэж үрэгдээд, гадагшаа дүрвээд байх юм бол энэ эх оронд хэн үлдэх вэ. Өнөөдөр Солонгос, АНУ визгүй болоход бүгд пэжигнээд гараад явна биз дээ. Үнэндээ бодит байдал энэ шүү дээ. Тиймээс эхлээд Монгол хүнийхээ асуудлыг тавих хэрэгтэй байна. Эрүүл мэндэд асуудалд жилд төсвөөс бус иргэдийн халааснаас хоёр, гурван зуун мянган сая доллар гарч байна. Манай эмчилгээ чанарай биш учраас дүрвээд яваад байнаа шүү дээ. Иргэдээс "хүүхэд хүнд өвчтэй байна. Хорт хавдар туссан. Туслаач" гэж маш олон санал гомдол бичгүүд надад ирж байгаа юм. Би эрүүл мэндийн сайдтай ярилцаж уулзаад энэ талаар “Хүний эрх ба эрүүл мэнд” гэх сонсголыг нэгдүгээрт сард хийх гээд бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна. Хүний хамгийн гол зүйл бол эрүүл мэнд болон боловсрол байдаг. Дэлхийд арван саяаас доош хүн амтай 30 гаруй улс бий. Энэ цөөн хүн амтай улсууд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байна. Эд нарын нууц бол боловсролдоо тултал хөрөнгө оруулсан. Тэгэхээр боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруул. Учир нь хотын асуудал ганц хотынх биш үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Учир нь энд нийт хүн амын тал нь амьдарч байна. 2010 он буюу 14 жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг Их хурлаар баталж байсан. Тухайн албан бичигт 2020 он гэхэд эрчим хүч, шатахуунаа 100 хувь хангана гэсэн байдаг. 14 жил өнгөрлөө. Юу ч алга. Сая төсөв баталсан. Төсвийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг хянах ёстой. Хянаагүй. Учир нь хэмжих нэгж нь байхгүй. Энд, тэнд баахан тусдаа бичиг баримт, хэрэгжилт байхгүй.
Хэн ч Хотын даргаар ажилласан хүнд байдалтай тулна. Гэхдээ арга барилаа харах ёстой. Бид чинь хүмүүнлэг энэргүй ардчилсан нийгмийг бий болгож байгаа биз дээ. Энэ нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалах ёстой биз дээ.
Тэгэхээр иргэдийнхээ оролцоотой л шийдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд мэдээлэл өгч, учирлах ёстой юм. Үе шаттайгаар асуудалд хандаж, иргэдэд ядаж түрийвчиндээ менеж хийх эрхийг нь үлдээх ёстой. Шууд амьжиргаа руу нь халдаж болохгүй. Ер нь бол бид эх орондоо дабль стандарт үүсгэж болохгүй. Хот, хөдөөний иргэн гэж ялгаварлаж болохгүй. Монгол хүн оршин суугаа газартаа чөлөөтэй зорчих эрхтэй. Би Төв аймгаас ирсэн гэхээрээ Улаанбаатар хотын иргэнээс дор эрхтэй байж болохгүй. Би тал хүн юм уу. Ийм хандлагын зөрчил гарах гээд байна. Үндсэн хуулиар хүний нас, хүйс, угсаа гарвалаар ялгаварлаж болохгүй гээд заагаад өгсөн. АНУ, Япон зэрэг улсад хүнийг хөөх биш татах бодлогыг хэрэгжүүлдэг. Байгаа хотод нь яаж тав тухтай байлгах вэ, төвлөрлийн цэгийг ухаалгаар зохицуулах талаар л ярьдаг. Манайд гаргана, хөөнө гэдэг. Энэ бол коммунист үзэл.
-Хотын дарга Х.Нямбаатар Сингапурын жишээг дуурайж байгаа гэсэн. Гэхдээ Сингапур өөрөө нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг. Манайх харин эсрэгээрээ. Тэнд нөхцөл ямар билээ. Сингапуртай харьцуулах нь хэр зөв шийдэл вэ?
- Сингапурын хувьд ойлгомжтой. Маш жижигхэн газар, нутагтай. Манайх бол 1.5 сая мкв газар нутагтай мөртлөө нийслэлдээ ихэнх нь шавчихсан. Тэгэхээр бараг арал улс шиг болчихаад байгаа биз дээ. Энд юу буруу байна. Хөгжлийн бодлого, татварын бодлогоо хөдөө рүү гээ аваачаагүйнх шүү дээ. Хөдөө багшилж, эмчээр ажиллавал 5 сая төгрөг өг л дөө. Эмнэлэг хүртээмжтэй, сургууль чанартай, илүү цалинтай бол хүмүүс хөдөө явна шүү дээ. Тэлэлтийн бодлогыг явуулбал хүмүүс Улаанбаатарт шавахгүй. Цус нь чинэрсэн Улаанбаатарт ямар ч ажил хийсэн буруу болох гээд байна. Х.Нямбаатар даргын хувьд хүний эрхийн мэдрэмжтэй л байх ёстой юм. Сонгуулийн үр дүн харьцангуй ойлголт шүү. Тэгэхээр шийдвэр бүртээ иргэдээс санал аваарай л гэж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.