Боловсролын яам: Боловсролын салбарт цомхотгол хийхгүй

Боловсролын яам: Боловсролын салбарт цомхотгол хийхгүй

Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд Боловсролын яамнаас хариу мэдэгдлийг гаргалаа. 

Мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлого тодорхой болох хүртэлх хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны ХЭГ/1760 дугаар албан тоотоор“Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг түр зогсоож, шинээр албан тушаал бий болгон орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцаан, нөхөн томилгоо хийхгүй байх” тухай чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн болно. Уг чиглэлийн хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нь аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар болон яамны харьяа байгууллагын удирдлагуудад албан тоотоор чиглэл уламжилсан. Тус албан бичгээр өгсөн чиглэл нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын орон тоонд хамаарахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд Боловсролын салбартай холбоотой аливаа мэдээллийг үнэн зөв, баталгаатай эх сурвалжаас авахыг иргэд, олон нийтэд уриалж байна" хэмээжээ.