Өчигдөр /2025.08.05/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-тэй холбоотой ноцтой мэдээллүүдийг хэвлэлийн хурал хийж зарласан. Улмаар тус төвийн захирал Г.Анхболдыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Уг асуудалтай холбоотойгоор СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболдтой ярилцлаа.
ВИДЕО:
-САЙДЫН ЯРИАД БАЙГАА АСУУДЛЫГ АНХ БИ ГАРГАЖ, ТАВЬСАН-
-Салбарын сайдын хэвлэлийн хурлыг та сонссон байх. Тус хурлаар яригдсан эхний ноцтой асуудал бол хагас тэрбум төгрөг завшсан гэх асуудал. Энэ асуудалд та ямар тайлбар хэлэх вэ?
-Тэр асуудал бол миний болон манай удирдлагын багтай огт холбоогүй. Би 2024 оны есдүгээр сард СЭМҮТ-ийн захирлаар томилогдсон. Улмаар тус оны 10-р сард СЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх клиник тасгийн орны эргэлт төлбөр тусламж үйлчилгээнд хяналт шалгалт хийх удирдамжийг өөрөө одоо баталж гаргасан. Удирдамжийн хүрээнд хяналт шалгалт явуулахад нэг жилийн хугацаанд бол 156 сая төгрөгийн зөрчил одоо илэрсэн байдаг. Энэ бол намайг албан тушаалд томилогдохоос өмнөх зөвхөн нэг жилийн асуудал. Бид зөрчлийг АТГ-руу явуулсан. Мөн салбар яаманд хүргүүлж байлаа. АТГ-аас уг хэргийг хянаад ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар луу шилжүүлсэн. Улмаар манай байгууллагат энэ оны нэгдүгээр сард шалгалт хийсэн. Тэгэхээр өнөөдрийн сайдын яриад байгаа асуудлыг хамгийн анх би гаргаж ирж тавьсан. Тухайн үед бид нуун дарагдуулж болохгүй асуудал гэсэн хатуу байр суурьтай байсан.
-Орны хүрэлцээ, ариун цэврийн өрөөний асуудал зэрэг эмнэлгийн үйл ажиллагаа стандарт шаардлага хангадаггүй асуудлыг дурдсан шүү дээ.
-За тиймээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой асуудлууд бол 20, 30 жилийн өмнөөс тогтчихсон зүйл шүү дээ. Би ид шидтэн шиг нэг өдрийн дотор засах боломжгүй. Миний хувьд бол ажлаа авснаасаа хойш эмнэлгийн орчныг сайжруулах тал дээр жижиг засваруудаас эхлээд их зүйл хийсэн. Гэхдээ манай эмнэлгийн дэд бүтэц, байрны багтаамж, хүрэлцээ ерөөсөө хүрэлцдэггүй. Иймээс хашаандаа шинэ эмнэлгийн барилгын ажлын зураг төслийг гаргаад явж байна. Одоо магадлангаар орчихсон болохоор 2027 оны улсын төсөвт суулгуулах боломж гарах байх гэж найдаад явж байлаа. Өнгөрсөн намар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны төлөөлөл ирсэн. Мөн ХЭҮК-ын төлөөлөл 2,3 удаагийн шалгалт хийсэн. Эмнэлгийн удирдлагын багийн зүгээс эмнэлгийн зай талбай, байрны хүртээмжийн асуудлын талаар хэлээгүй газар үлдээгүй. Бид өөрсдийнхөө чадах зүйлээ хийсээр ирсэн.
-Хамгийн ноцтой нэг асуудлыг сайд дурдсан. Энэ бол бэлгийн хүчирхийллийн асуудал. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Тийм ээ. Гэхдээ энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шалгагдаад явж байна. Би энэ ажлыг авсныхаа дараа уг асуудалтай тэмцэхээр БЗД-тэй хамтран бүх тасгийг 24 цагийн камертай болгосон.
Ер нь бол дан ганц бэлгийн дарамт гэхээс илүү хүний эрхийн бусад зөрчлүүд ч байдаг байсан. Энэ асуудалтай чадах ядахаараа тэмцээд, ажиллаж ирсэн.
-ЭНЭ АЛБАН ТУШААЛД ИРЭЭД НЭГ Ч ХАЛАА СОЛИОНЫ АСУУДАЛ ХИЙГЭЭГҮЙ-
-Зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр шаардлага хангахгүй хүнийг томилсон асуудалд таны байр суурь.
-Би энэ албан тушаалд ирээд нэг ч халаа солионы асуудал хийгээгүй. Би эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой нэг ч хүнээр оролдоогүй. Анх энэ албан тушаалыг авахад байсан яг хуучин багаараа байгаа.
-“Эрүүл Монгол” хүн арга хэмжээг хэрэгжүүлэх хүний нөөцийг сонгон шалгаруулалт хийхгүйгээр мэргэжлийн бус таван хүн авч цалинжуулсан гэх асуудалд юу хэлэх вэ?
“Эрүүл Монгол” хөдөлгөөн бол Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж эхэлсэн ажил. 2025 оны 4 сард манай байгууллага дээр үйл ажиллагаа нь үргэлжлүүлэх чиглэл ирсэн. Бидний хувьд яг л хууль журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлээд явсан. Би шинээр 14 хүн авч, шууд цалинжуулсан асуудал огт байхгүй. Өмнө нь тэндээ ажиллаад цалин, мөнгөө аваад явдаг байсан хүмүүс шүү дээ. Энэ бол СЭМҮТ-ийн үндсэн үйл ажиллагаатай холбоогүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийж ирсэн ажил. Төсөл нь өөрөө давхар төслийн удирдагчидтай, зохицуулагчидтай. Тэгэхээр тэр хүмүүсээс бас давхар тайлбараа авах нь зүйн хэрэг байх.
-Таны өгсөн мэдээллүүдээс харвал гэм буруугүй хүнийг гүтгэсэн мэт сонсогдож байна. Сайдын шийдвэртэй санал нэгдэж байна уу?
-Ер нь бол тодорхой зорилготой байсан байх. Ямар ч байсан шийдвэрийг гаргасан хүнээс нь тодруулж асуувал илүү зохистой байх. Миний зүгээс бол төрийн ажлыг авч болдог, бас өгч болдог. Өнгөрсөн нэг жилийн хугацааны ажлаа дүгнээд ямар ч байсан нэр төртэйгөөр дараагийн захирлаа хүндлээд ямар нэг асуудалгүй тамга тэмдгээ өглөө.